images

Нэг сая ширхэг 1 центийн зоос олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


    АНУ-ын Калифорнид амьдардаг 41 настай Жон Рэйэс талийгаач хадам аавынхаа байшинг цэвэрлэж байгаад агуулахаас нь нэг центийн зоосоор дүүргэсэн хэд хэдэн цүнх, хайрцаг, сав олсон тухай "New York Times" сонин мэдээлэв. Олдсон зооснуудыг жигнэж үзээд нэг сая гаруй ширхэг байгаа гэж тооцсон байна. Энэ нь ойролцоогоор 10 мянган доллар юм. Эдгээр цүнх сав маш хүнд байсан тухай Ж.Рэйэс хэлжээ. Улмаар тэрбээр уг зооснуудыг цаасан мөнгө болгохоор холбогдох газарт очсон боловч ийм их зоосыг мөнгө болгоход 8 хувийн шимтгэл авна гэжээ. Дараа нь хэд хэдэн банктай холбоо барьсан ч банкууд тийм их зоос хадгалах сейф, зай байхгүй гээд татгалзсан байна. Гэтэл нэг банк тэдэнд эртний ховор зоос байгаа эсэхийг нягталж үзэхийг хүсчээ. Иймээс тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ хамт толгойд зүүдэг томруулдаг шил хүртэл худалдаж аваад ховор зоос хайж эхэлсэн боловч маш их цаг зарцуулсны эцэст тэр их олон зоосны дөнгөж 1-2 хувийг л шалгаж чаджээ. Тэгээд ч ховор зоос гарч ирээгүй байна. Эцэст нь Ж.Рэйэс үнэт зоос цуглуулдаг мэргэжилтнүүд, сонирхогчид байдгийг олж мэдээд хадам эцгийнхээ хураасан зооснуудыг 25 мянган доллароор үнэлж ховор мөнгөн тэмдэгтийн арилжааны сайтад байршуулжээ. Зоосноос одоогийн байдлаар 300 орчмыг нь худалдан авах санал иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.