images

Дэлхийн 90 гаруй оронд аавуудын баяр тэмдэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


     1910 оноос эхлэн дэлхийн зарим улсад жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг аавуудын өдөр болгон тэмдэглэх болжээ. Иймээс Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Пакистан, Мексик, Грек, Америк, Их Британи, Канад зэрэг дэлхийн 90 гаруй оронд өчигдөр аавуудын баяр тохиолоо. Тухайлбал, энэ өдрийг тохиолдуулан Японы “Nippon Life Insurance” компани тус улсад аавуудын баяраар өгөх бэлэгний үнэ инфляцаас үүдэн өмнөхөөсөө нэмэгдсэн тухай сонирхолтой судалгааг дэлгэжээ. Энэ онд аавуудад өгөх бэлэгний дундаж үнэ 6662 иен буюу 47 доллар болсон нь өнгөрсөн оноос 270 иенээр нэмэгдсэн байна. Харин аавдаа юу бэлэглэдэг тухай асуухад 29.5 хувь нь хоол эсвэл тансаг бүтээгдэхүүн, 20.2 хувь архи, согтууруулах ундааны зүйл, 13.9 хувь нь хувцас гэж хариулжээ. Мөн аавуудаас юу бэлгэнд хамгийн их авдаг вэ гэж асуухад 21.6 хувь нь хоол эсвэл тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, 18.2 хувь нь архи согтууруулах ундаа, 7.5 хувь захидал, цахим шуудан, зураг гэж хариулсан байна. Түүнчлэн тэднээс хэдэн иенд багтааж бэлэг аваасай гэж хүсдэг тухай асуухад 37.5 хувь нь хамаагүй гэсэн бол 22.3 хувь нь 3000 иенээс бага буюу 21 долларт багтсан байвал зүгээр гэж хариулжээ. Уг судалгаанд 11 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд 64.3 хувь нь энэ өдөр аав нартаа бэлэг өгдөг гэсэн аж. Мөн энэ өдөр нь зөвхөн аавууд төдийгүй, аавын үүргийг гүйцэтгэж, тэднийг орлодог хүмүүст зориулсан өдөр юм. Түүнчлэн Европын орнуудад аавуудын баярын бэлэгний дундаж үнэ 24 евро болдог байна.

     Харин сүүлийн жилүүдэд манай улс албан бусаар наймдугаар сарын 8-нд аавуудын баярыг тэмдэглэх болсон. Харин тус өдөр нь Тайванийн аавуудын өдөр юм. Учир нь, тус улсад наймдугаар сарын найман гэдэг үг аав гэсэн үгтэй төстэй дуудлагатай аж. Ерөнхийдөө дэлхийн ихэнх улс оронд өчигдөр буюу зургадугаар сарын 18-нд аавуудын баяр болсон бөгөөд католик шашинтай Итали, Испани, Португал, Хондурас зэрэг хэд хэдэн оронд Гэгээн Жозефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-нд аавуудын баяр болдог. Харин Тайландад Бумибол Адуляадэж хааных нь төрсөн өдрөөр буюу 12 дугаар сарын 5-нд аавуудын баярыг тэмдэглэдэг байна. “Finder” статистик судалгааны байгууллагаас 2022 оны байдлаар 111 улсад аавуудын баярыг тэмдэглэж байна гэж үзсэн бөгөөд манай улсад энэ өдрийг тэмдэглэдэг гэж үзжээ. Тус байгууллагын судалгаанд дурдснаар Монгол, Тайвань гэсэн хоёр улсад л жил бүрийн наймдугаар сарын 8-нд аавуудын баяр тэмдэглэдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.