images

Ирланд: Эзгүйрсэн арлуудад очиж амьдарвал 80 мянган паунд өгнө

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-06-16


     Ирланд улс өөрийн нутаг дэвсгэрт багтдаг боловч өмнө нь сууж байсан хүмүүсийн ихэнх нь хаяж явснаас бараг эзэнгүй болсон олон аралдаа иргэдийг суурьшуулж, ингэхдээ багагүй мөнгөөр урамшуулах хөтөлбөр зарлахаар болжээ. “Our Living Islands” хэмээх энэ хөтөлбөр нь эх газартай шууд холбогдоогүй 30 гаруй аралд шинээр хүн суурьшуулах зорилготой юм. Хөтөлбөрийн нэг хэсэг нь тэдгээр аралд очиж суурьшсан хүмүүст 80 мянган паунд олгох урамшуулал ажээ. Гэхдээ энэ мөнгийг авсан хүмүүс арал дээр бэлэн байшинд орж суух гэх мэт эрх дарх хараахан эдлэхгүй. Юуны түрүүнд сонгосон арал дээрээ орох орон худалдаж авна. Тэрхүү байшин нь 1993 оноос өмнө баригдсан, сүүлийн хоёр жил хүн суугаагүй байх ёстой. Олгогдсон мөнгийг байшингаа дулаан, цахилгаантай болгох, үндсэн бүтцийг засч сайжруулах, тохижуулах гэх мэтэд зарцуулна. Хэрвээ энэ шатыг амжилттай давсан, өөрөөр хэлбэл мөнгөө зориулалтаар нь зарцуулж чадсан бол дараагийн шат буюу 84 мянган паундын хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд энэ нь уг орчиндоо урт удаан хугацаагаар, илүү тав тухтай амьдрахын тулд шаардагдах ажлын санхүүжилт юм. Ирландын Засгийн газар “Our Living Islands” хөтөлбөрийг ирэх сарын нэгнээс эхлүүлж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхлэх гэнэ.

     Үүнтэй төстэй хөтөлбөрийг Европын зарим орон, тухайлбал Испани, Итали улс хэдийнээс хэрэгжүүлж байгаа юм. Испанийн зүүн өмнөд нутгийн Лечче мужийн далайн эргийн Презичче хотод ирж суурьших хүмүүст байшин худалдаж авах болон бусад зардалд нь зориулж, өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хүн тус бүрд 30 мянган евро олгож эхэлсэн билээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.