Бээжин: Билл Гэйтс Ши Жинпиньтэй уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-06-15
“Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс Бээжинд айлчилж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ганцаарчлан уулзсан нь гадаадын бизнес эрхлэгчдийн хувьд ер бусын зүйл болж байна. Ши Жиньпин саяхан тус улсад айлчилсан “Apple” компанийн захирал Тим Хүүк, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нартай уулзаагүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэнийг Хятадад хийх айлчлалын угтал болгож Ши Жиньпин эртний найз Б.Гэйтст онцгой хандсанаар Хятад улс АНУ-Хятадын харилцааг сайжруулах замыг нээж байна хэмээн хэвлэлүүд тайлбарлаж байна. Хятадын бизнесийн салбарын нэгэн томоохон албан тушаалтан хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа "Б.Гэйтс, Ши Жинпинь нар зургаадугаар сарын дундуур Бээжинд ганцаарчлан уулзаж, Хятад улс олон улсын нийтийн ашиг сонирхолд нийцсэн төслүүдэд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар ярилцах болно" гэсэн нь ийнхүү биеллээ олов. Б.Гэйтс дэлхийн нийтийн төслүүдэд Хятадын хөрөнгийг татах, мөн Хятад улс байгальд ээлтэй эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа хэмээн шинжээчид үзэж байна. Ши Жиньпиний түүнтэй уулзсан бас нэг шалтгаан бол тэрбээр "Хятадын хамгийн итгэдэг Америкийн бизнесмэн" бөгөөд Хятадын бизнесийн ертөнцөд Б.Гэйтс бол Хятадтай олон арван жилийн харилцаатай байсан "хуучны найз" ажээ. 1992 онд барууны компаниуд Хятадын зах зээлд орохоос татгалзаж байх үед Б.Гэйтс зоригтойгоор Хятадын зах зээлд орж ирсэн. Мөн 2020 онд цар тахал дэгдэх үед тэрбээр Хятадад 5 сая доллар хандивлаж байв. Тухайн үед Ши Жиньпин Билл Гэйтст талархлын захидал бичиж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.