Холоос ирсэн нэгэн захидлын сэтгэл уярам түүх
Анд нөхдийн мэдээ
2023-06-15
Японы Фүкүшима мужийн Иваки хотод амьдардаг 17 настай Мириа Ёжо охин долоон жилийн өмнө бага ангийн сурагч байхдаа нэгэн захидал хүлээж авчээ. Тэр үед Ёжогийн гэр бүл газар хөдлөлтөд орон гэрээ алдан, нутгаасаа дүрвэн өөр газар амьдарч байгаад таван жилийн дараа төрөлх хотдоо дөнгөж ирээд байсан үе байлаа. Тэр үед охин “Маргааш бид төрөлх гэртээ очиж чадах болов уу? Ээж, аав хоёр яагаад дандаа ийм уруу царайтай байдаг юм бол?” гэсэн санаашрал дунд байнгын сэтгэлийн зовиуртай байдаг байв. Тэгтэл нэг өдөр хаа холын Тайвань улсаас захидал иржээ. Тэрхүү захидлын дугтуйн дээр хятад ханзаар бичсэн захиа илгээгчийн нэр л байсан бөгөөд нас, хүйсийн талаар ямар ч мэдээлэл байсангүй. Тэр нь "Өнөөдөр уйлахгүй байх биш, маргааш инээж чаддаг байх нь хамгаас чухал" гэсэн үгсийг японоор онцлон бичсэн, сэтгэлийн дэм хайрласан үгсээр дүүрэн захидал байв. Мөн ар талд нь хятадаар “Энэ захидлыг хүлээн авсан таныг аз жаргал ивээнэ гэдэгт найдаж байна. Нарны гэрэл нүүрэн дээр чинь тусаж халуун дулаан хайр, энэрэл чамайг ивээх болно” гэсэн байлаа. Энэ бол Японы их газар хөдлөлтөд нэрвэгдсэн Фүкүшимагийн багачуудад урам зориг өгөх зорилгоор Тайванийн нэгэн сургуулиас илгээсэн захидал байжээ. NHK телевизийн мэдээлснээр, Ёжо охин энэхүү захидлыг ахлах сургуулийн сурагч болтлоо нандигнан хадгалсан байна. Тэрбээр NHK-д өгсөн ярилцлагадаа "Хүнд хэцүү байсан ч, нулимс урсаж байсан ч маргаашийн гэрэлт ирээдүйд итгэн инээж чадах эр зориг надад хайрласан миний нандин эрдэнэ” гэжээ.
Япон найзаасаа ирсэн захидлаа тэврэн зогсоо украин охин Н.Кириловска
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросууд Украин руу довтлох үед Ёжо уг захидлаас олж авсан сэтгэлийн эр зоригоо дайн самууны гамшиг туулж яваа украин хүүхдүүдтэй хуваалцахаар сэтгэл шулууджээ. Алс холоос ирсэн захидлын халуун дулаан үгсээр сэтгэлийн дэм авч хичээл номдоо шамдан сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга болсон Ёжо охин үеийн нөхдөө уриалан украин хүүхдүүдэд захидал илгээхээр болов. Тэдний бичсэн захидал Фүкүшимагийн сайн дурын байгууллагаар дамжин Украины Киев хотын ойролцоох Ирпень хэмээх жижиг хотод хүрчээ. Уг хот нь оросуудын довтолгоонд хамгийн их өртөж сүйдсэн газар байлаа. Ирпень хотод амьдардаг 15 настай украин охин Неонилия Кириловска дайны хөлд өртөн орон гэрээ алдаж, улмаар өөр тийш дүрвэж одоод өнгөрсөн оны есдүгээр сард л төрөлх хотдоо эргэж иржээ. Үүнд ихэд сэтгэлээр унасан Н.Кириловска охин саяхан Японоос нэгэн захидал хүлээн авав. Ёжо нэртэй япон охиноос ирсэн тэрхүү захидалд “Шөнө хэчнээн их зовлонтой байсан ч өглөө ирнэ. Уйлах зүгээр ээ, сайхан цаг ирнэ. Нарны гэрэл дор нүүр дүүрэн инээмсэглэн уулзах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэж украин болон япон хэлээр бичжээ. Н.Кириловска охин NHK телевизэд "Хэн нэгэн намайг хайрлаж, дэмжиж байгааг мэдрэх гайхамшигтай байсан. Адилхан зүдгүүр туулсан япон охин бид хоёр сэтгэл зүрхээрээ нэгдсэн. Надад сэтгэлийн их дэм хайрласан түүнд маш их баярлаж байна” гэжээ. Өнөөдрийн байдлаас Японы Фүкүшимагаас Украины Ирпеньд илгээсэн захидлын тоо 500 гаруй болжээ. Захидлыг хүлээн авсан украин хүүхдүүд “Бидний зүрх сэтгэлд гал аслаа. Бид ганцаараа биш гэдгээ мэдрэх сайхан байна" гэсэн талархлын хариу илгээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.