images

Украин руу пуужин харвахад шархадсан нохой Унгарын цагдаагийн алба хаагч болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     Зүүн Украины Харьков хотод өнгөрсөн жил пуужин харвахад цэргүүдтэй хамт дайны фронтод ажиллаж байсан Рэмбо нэртэй, гурван настай герман хоньч нохой толгойн тус газраа хэлтэрхийд оногдож шархаджээ. Нохой баруун чих, тархи, эрүүндээ хүнд бэртэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан ч яаралтай хагалгаа хийж амийг нь авраад Баруун Украин руу явуулсан аж. Харин одоо Рэмбо хөрш Унгар улсын нийслэл Будапешт хотын цагдаагийн газарт сургуулилт хийж байна. Учир нь, түүнийг “Герман хоньч нохойн үүлдрийг хамгаалах сан”-гаас Будапештийн ойролцоох нөхөн сэргээх төвд эмчлэхээр авчирсан юм. Тэнд Рэмбо дахин нэг мэс засал хийлгэжээ. Тэгээд баруун чихээ тайруулсан бөгөөд шүд нь эдгэрч, эрүү нь эвлэтэл найман сарын турш эмчлүүлсэн байна. Мөн тэнд байхдаа бусад нохойтой харилцах сургалтад ч хамрагджээ. Энэ үед нь түүнийг хүүхдүүдтэй харилцах илүү дуртайг нь анзаарч, цагдаагийн газрын бэлтгэлд хамруулжээ. Энэ тухай Будапешт хотын цагдаагийн газрын дэд хурандаа Мария Стейн хэлэхдээ “Рэмбог цагдаагийн газар, нөхөн сэргээх байгууллагуудад хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж харилцахад сургаж байна” гэжээ. Амьтдыг ийн сургах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн газрын хөтөлбөрийн нэг хэсэг юм. Учир нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үе тэнгийнхэн нь ялгаварлан гадуурхах, дээрэлхэх тохиолдол их байдаг тул өрөөсөн чихгүй, тархиндаа хүнд гэмтэл авч байсан нохойгоор төлөөлүүлэн хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж байгаа аж. Рэмбо нохой хэдийгээр “хөгжлийн бэрхшээлтэй” ч бусад нохойн адил гайхамшигтай үйл хэргийг бүтээж чадаж байгаа шиг хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бас яг тийм байж чадна гэдгийг мөн ойлгуулахыг хүсчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.