Хойд Солонгос Ханжоугийн Азийн наадамд оролцох нь тодорхой боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-06-15
Хойд Солонгос ирэх есдүгээр сард Ханжоу хотноо болох Азийн зуны наадамд оролцоно гэдгийг Хятадын тал албан ёсоор мэдэгдэв. Хятадын Үндэсний спортын газар болон Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийж Азийн наадамд Олон Улсын Олимпын Хорооны дэргэдэх Азийн Олимпын Зөвлөлд харьяалагддаг 45 гишүүн орон бүгд, тэр дундаа Хойд Солонгос хүртэл оролцох хүсэлтээ ирүүлсэн тухай мэдээлжээ. Цар тахал дэгдсэнээс хойш олон улсын тавцанд гараагүй Хойд Солонгос тус наадамд оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч энэ удаа оролцоно гэдгийг Хятад улс анх удаа баталгаажуулсан нь энэ юм. Мөн үүнээс гадна Японы “Kyodo News” агентлаг Хойд Солонгос улс Ханжоу хотод болох Азийн наадамд оролцох 200 хүний бүрэлдэхүүнтэй багаа бүртгүүлсэн тухай мэдээлжээ. Хятад улс Азийн наадмыг амжилттай зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангасан тухай тус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэглээ. Зохион байгуулах хорооноос “56 цэнгэлдэх хүрээлэнгийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул тэмцээнийг амжилттай зохион байгуулах нөхцөл бүрдсэн” гэжээ. Түүнчлэн тэмцээн болох хотоор дамжин өнгөрөх метро ашиглалтад орсныг мөн танилцууллаа. Тус наадамд Хятадаас 900 гаруй тамирчин оролцох ажээ. Энэ жил 19 дэх удаагаа тохиож буй Ханжоугийн Азийн наадам есдүгээр сарын 23-нд нээлтээ хийж, аравдугаар сарын 8-нд өндөрлөнө. Наадам Ханжоу, Нинбо, Вэнжөү, Жинхуа, Шаосин, Хужөү зэрэг 6 хотод зохиогдох бөгөөд 40 төрөл, 61 нарийвчилсан төрөлд 483 алтан медалийн төлөө өрсөлдөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.