images

Сугалаагаар 500 мянган евро хожсон украин залуу мөнгөө эх орныхоо сэргээн босголтод зориулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-15


     Дайны хөлөөс дайжин Бельги улс руу дүрвэж гарсан украин залуу хонжворт сугалаагаар 500 мянган евро хожжээ. Бельгийн хуулинд заасны дагуу түүний нэрийг олон нийтэд зарлаагүй бөгөөд "Насны хувьд 18-24-ийн хооронд, Брюссельд сүүлийн 12 сар оршин сууж байгаа" хэмээн "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Эх орон нь дайны хүнд нөхцөлд байгаа энэ үед их мөнгө хожсоноо тэрбээр анх мэдээд яг тийм гэх аргагүй сонин сэтгэгдэл төрсөн гэнэ. Улмаар хожсон мөнгөө эх орныхоо сэргээн босголтод зориулахаар шийдсэн тухайгаа хэлснийг хэвлэлүүд эш татжээ. Сайхь залуу Брюссель хотын шатахуун түгээх станцаас 5 еврогийн сугалааны тасалбар худалдаж аваад ийм аз тохиосон бөгөөд Брюссель дэх Сугалааны холбооны төв байранд уригдан очиж шагналын мөнгөө авав. Энэ үеэрээ тэрбээр "Юуны түрүүнд Бельгид хөлөө олоход минь тусалсан бүх хүнд талархал илэрхийлэх уулзалт зохион байгуулна. Дараа нь украинчуудад тусалж, эх орноо сэргээн босгоход мөнгөө зарцуулмаар байна" гэжээ. Бельги улс сугалааны хонжворт татвар ногдуулдаггүй аж. Сугалааны холбооны хэвлэлийн төлөөлөгч Зорк Бермор хэлэхдээ "Бид маш олон хүн сугалаанд хожихыг харж байсан ч энэ удаагийнх шиг ийм утга учиртай хожил харж байсангүй. Одоо түүний зүрх сэтгэл Украинд очсон байгаа байх” гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.