images

Оршуулах гэж байсан хүн авсан дотроо амьд байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-14


     Өмнөд Америкийн C5N телевизийн мэдээлснээр энэ сарын 9-ний өдөр Эквадор улсын Лос Рио хотын нэгдсэн эмнэлэгт 76 настай Белла Монтоя өөд болжээ. Үхлийн шалтгаан нь цус харвалтын улмаас зүрх зогссон байв. Ингээд ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулах болж, ёслол үйлдэх танхимд орсны дараа гэнэт хаа нэгтээгээс "түг түг" гэх чимээ сонсдсон байна. Хүмүүс тэр зүгт анхаарлаа хандуулахад тэрхүү чимээ талийгаачийн авсан дотроос дуулдаж байжээ. Ар гэрийнхэн нь авсны тагийг онгойлгож үзэхэд, өөд болсон гэж оношлогдсон Монтоя амьсгалж байв. Түүнийг нас барсан гэсэн онош гарснаас хойш таван цаг орчмын дараа ийм явдал болсон байна. Монтоягийн хүү Гилберт Балберан энэ тухайд "Тагийг нээж үзэхэд ээж минь зүүн гараараа авсны ханыг цохиж байсан. Мөн нүдээ нээж амаа ангайлган амьсгалах гэж оролдож байсан" гэжээ. Тухай үед видео бичлэг хийсэн бөгөөд тус бичлэг олон нийтийн сүлжээгээр маш хурдан тархсан байна. Бичлэг дээр Монтоя хүндээр амьсгалж, мөн толгойгоо аажмаар хөдөлгөж байжээ. Ар гэрийнхэн болон оршуулгын газрын хүмүүс цочролд орсон ч түүнийг авснаас болгоомжтой гарган эмнэлэгт яаралтай хүргэж үзлэгт оруулсан бөгөөд одоогоор түүний зүрх харьцангуй тогтвортой цохилж байгаа гэнэ. Холбогдох байгууллагууд үхлийг буруу оношлосон шалтгааныг судалж байна. Энэ тухай бичлэг цахим сүлжээгээр маш хурдан тарж нэг өдрийн дотор 150 мянга орчим хандалт авчээ. Түүний хүү "Яг одоо ээжийн минь биеийн байдал сайжраасай гэж залбирч байна. Ээж минь миний хажууд үлдэнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.