79 настай дуучин тоглолтоо хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Канадын дуучин, хөгжмийн зохиолч Жони Митчелл 79 насандаа тоглолтоо хийлээ. Тэрбээр 2015 онд тархины судасны хатуурал гэсэн өвчний онош сонссон ч саяхан хийсэн тоглолтондоо гурван цагийн турш 24 дуу дуулж, өөрөө гитар тоглож эрч хүчтэй, эрүүл саруул байгаагаа харуулсан байна. АНУ-ын Вашингтон хотын нэгэн дугуй театрт болсон энэхүү тоглолтод 27 мянга орчим шүтэн бишрэгчид нь цугларчээ. Тайзан дээр Ж.Митчелийн гэрийн ширээ, зургийн жааз, буйдан зэргийг суурилуулж, поп дуучин Брэнди Халил тоглолтыг хөтөлсөн байна. Нэгэн үе тэрбээр хүнд өвчинд нэрвэгдсэний улмаас хэсэг хугацаанд алхаж, ярьж чадахгүй болсон байв. Харин эмчилгээ үр дүнтэй болж эргэж хөл дээрээ босчээ. Тоглолтын үеэр тэрбээр "Both Sides Now" дууныхаа шүлгээс уншиж "Өвчний улмаас их зүйл алдсан ч өдөр бүрийн амьдралаасаа олсон зүйл түүнээс их" гэжээ. Ж.Митчеллийг 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий дуучдын нэг, тэр дундаа эрэгтэйчүүд давамгайлсан поп соёлын ертөнцөд эмэгтэй дуучдын замыг нээж өгсөн хэмээн үнэлдэг. Тэрбээр рок, жазз, фолк, поп зэрэг төрлөөр 60 гаруй жил дуулж хөгжимдсөн бөгөөд Мадонна, Боб Дилан, Тэйлор Свифт зэрэг алдартай дуучид түүнийг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг байжээ. 1997 онд тэрбээр Рок-н Роллын алдрын танхимд багтаж, “Ж.Кеннеди төв”-ийн нэр хүндийн шагнал хүртэж, Грэммийн шагналыг 10 удаа хүртэж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.