Хойд Солонгосын зохиолчийн роман Япон, Америкт хэвлэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Хойд Солонгосын алдартай зохиолч Пэк Нам Рён-ий “Найз” романыг Япон улсад орчуулан гаргасантай холбогдуулан Япон дахь Хойд Солонгосын нийгэмлэгийн “Чосун Шинбо” агентлаг зохиолчтой ярилцлага хийсэн байна. Тэрбээр ном нь япон хэлээр гарсанд баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд тус зохиол нь 2020 онд АНУ-ын Колумбийн их сургууль орчуулан хэвлүүлж, Америкийн номын сангийн "Library Journal" сэтгүүлээс "Шилдэг зохиол"-оор шалгарч байсанд мөн талархаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ "Харамсалтай нь, олон улсын хэвлэлийн конвенцийн дагуу тус улсын хэвлэлийн газар надад мэдэгдээгүй. Тиймээс би зохиолын англи орчуулгын талаар сайн мэдэхгүй явна. Тэд БНАСАУ-ын зохиолчийн зохиогчийн эрхэнд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна” гэжээ. “Найз” роман нь 1988 онд Хойд Солонгост хэвлэгдсэн бөгөөд хамтлагийн дуучин бүсгүй нөхрийнхөө эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өгүүлдэг. Энэ нь тухайн үедээ Хойд Солонгост маш их алдаршиж, телевизийн олон ангит кино болж байсан аж. Улмаар уг зохиол нь 2011 онд Францад, 2018 онд Өмнөд Солонгост хэвлэгдсэн юм. Бүтээл нь дэлхийн хэд хэдэн оронд хэвлэгдсэн тухайд зохиолч “Дорно дахины ард түмний гэр бүлийн амьдрал, нийгэм, хууль эрх зүйн харилцааг харуулсан үнэн, эгэл жирийн амьдралын түүхийг өгүүлсэн болохоор хүмүүс сонирхсон болов уу” хэмээн хариулжээ. 1949 онд төрсөн Пэк Нам Рён бол Хойд Солонгосын хамгийн алдартай зохиолчдын нэг бөгөөд 1980-аад оны сүүлээс эхлэн их удирдагчийн удам угсааныхны алдар гавьяаг зохиол болгон бичдэг "4/15" утга зохиолын бүлгэмд нэгдэн бүтээлээ туурвисаар ирсэн юм. 2020 оны 10 дугаар сард тэрбээр Ким Жон Уны улс төрийн ололт амжилтыг харуулсан "Сэргэлт" нэртэй роман хэвлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.