Программын 18 хэл мэддэг 17 настай охин юу юу бүтээв?
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
НАСА-д ажиллах зорилготой, саяхан ахлах сургуулиа төгссөн Анжелина Цубой гэдэг 17 настай программист охиныг "Business Insider" сэтгүүл "Strategy" булангаараа энэ долоо хоногт танилцууллаа. Тэрбээр долоон настайгаасаа код бичсэн бөгөөд өөрийн зохиосноо оролцуулаад программын 18 хэл мэддэг гэнэ. А.Цубой аль хэдийнэ программ хангамжийн ертөнцөд танигдсан бөгөөд олон төрлийн аппликэйшн хөгжүүлжээ. Тухайлбал, “Apple” компаниас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хуралд өнгөрөгч жил оролцож “Student Swift Challenge” уралдаанд түрүүлсэн байна. Ингээд өөрийн бүтээсэн аппликэйшнээ "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкт биечлэн танилцуулж уулзсан тэрбээр сансар судлалын кибер аюулгүй байдлын салбарт илүү сонирхолтой байгаагаа хэлжээ. Өөрөөр хэлбэл, А.Цубой механик инженер, цахилгааны инженер, компьютерийн шинжлэх ухааныг хослуулсан олон талт талбар болох мехатороникийн салбарт хүч сорихоор зорьж буй бөгөөд аль хэдийнэ иргэний нисэхийн салбарыг хүртээмжтэй болгохын тулд программ хангамжийн ур чадвараа ашиглаж буй нисгэгч ажээ. Мөн тэрбээр зохиомол сансрын орчинд сансрын нисгэгч шиг ажилладаг аналог сансрын нисгэгч болохыг илүүтэй сонирхож байгаа гэнэ. Энэ нь сар болон Ангараг гарагийг судлахын тулд урьдаар зохиомол орчин үүсгэж судалгаанд бэлтгэдэг хүмүүс юм.
А.Цубой долоон настайдаа анх код бичиж байсан тухайгаа тус сэтгүүлд “Миний хийж байсан хамгийн энгийн бөгөөд анхан шатны программ бол хамгийн анх кодыг нь бичсэн төөрдөг тоглоом” хэмээн ярьжээ. Харин түүнээс хойш дандаа хөгжүүлэлтийн төслүүд дээр ажилласан байна. Ингэхдээ тэр үргэлж хүмүүсийн амьдралд тулгарсан бодит асуудлуудыг шийдвэрлэх төсөл дээр ажиллажээ. Энэ тухай “Би инженерийн сэтгэхүйтэй, асуудал олж харахаараа шүүмжилдэггүй. Үргэлж түүнийг шийдвэрлэхийг хүсдэг” гэсэн байна. Тухайлбал, А.Цубой өрх толгойлсон эцэг, эхчүүд ажлын байр, орон сууц олох, буцалтгүй тусламж авах, орчуулгын тусламж авахад зориулсан мэдээллийг сүүлийн үеийн эх сурвалжаас авах боломжтой аппликэйшн бүтээжээ. Учир нь, түүний ээж гурван хүүхдээ дагуулаад Японоос АНУ-д ирж байх үед хэлний бэрхшээлтэй тулгарч байсан болохоор охинд ялангуяа олон хүүхэдтэй ийм хүмүүст зориулсан нэг дороос мэдээлэл авах боломжтой зүйл байгаасай гэж хүсдэг байсан аж. Мөн тэрбээр "CPR Buddy" буюу анхны тусламжийн программыг "Apple Watch" ухаалаг цаганд зориулж бүтээсэн байна. Үүнээс гадна дээр хэлсэнчлэн сансрын технологийн кибер аюулгүй байдлыг хамгаалах хүсэлтэй охин онгоцны радарын системийг хуурамчаар үйлдэх, хакердах гэж буйг хиймэл оюун ухаанаар илрүүлэх төхөөрөмж, программ бүтээжээ. Мөн хиймэл дагуулд зориулсан кибер аюулгүй байдлын систем ч бүтээсэн аж. Харин яг одоо цүнами илрүүлэх зориулалттай нээлттэй өгөгдлийн эх сурвалжтай холбогдсон хямд үнэтэй хөвүүр төхөөрөмж хийхээр ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр энэ тухай “Цүнами илрүүлэх ийм төхөөрөмжүүд байдаг хэдий ч маш үнэтэй, бас нүсэр том” гэжээ. Өөрөөр хэлбэл, далайд хөвөгч цүнами илрүүлэгч 500 мянган долларын өртөгтэй байдаг бол А.Цубой охиных 200 доллароос бага үнэтэй байх бөгөөд хөвүүр ажиллахад тохиромжгүй талбайд ч судлаачид ашиглахад хялбар төхөөрөмж болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Охин аль эртнээс MIT их сургуульд элсэн суралцахыг мөрөөдсөн гэнэ.
Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг, сонирхолтой мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.