Дэлхийн хамгийн урт гол аль болохыг эцэслэн тогтооно
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Дэлхийн хамгийн урт гол аль нь болох талаар олон жил үргэлжилсэн маргааныг эцэс болгохын тулд энэ салбарын эрдэмтэд урт холын аялалд гарахаар болсон тухай “Washington Post” сонин мэдээлжээ. Тодруулбал ирэх хавраас дэлхийн олон орны судлаач эрдэмтэд Перугийн Андын нуруунаас Атлантын далай хүртэл аялах долоон сарын экспедиц зохион байгуулахаар болсон бөгөөд энэхүү судалгааны аяллыг "The Explorers Club" судалгааны групп ивээн тэтгэх юм байна. Судалгааны багийнхан Амазон мөрний уртыг зураглаж хэмжээд дараа нь Нил мөрний уртыг хэмжих төлөвлөгөөтэй байгаа ажээ. Багийн ахлагч Бразилийн судлаач Юрий Санада хэлэхдээ "Хүмүүс Эверэстийн оргилд хэдэн мянган удаа авирч, 1500 гаруй хүн завиар их далайг хөндлөн гулд туулсан боловч өнөөг хүртэл Амазон мөрнийг бүхэлд нь завиар туулсан тохиолдол гарын 10 хуруунд багтахаар байна” гэжээ. Өмнө нь Амазон мөрнийг туулсан хүмүүс зөвхөн адал явдлын зорилгоор аялдаг байсан бөгөөд энэ удаагийн судлаач мэргэжилтнүүдийн экспедиц нь тус голын газарзүйн байршил, биологийн олон янз байдлыг судалж бүртгэх анхны ажиллагаа болохыг мэдэгджээ. Газарзүйн бусад элементүүдээс ялгаатай нь гол мөрөн байнга өөрчлөгдөж байдаг тул хэмжихэд хэцүү байдаг. Учир нь үерийн улмаас голын тохой алга болж, голдирол, чиглэл өөрчлөгддөг ажээ. Түүнчлэн гол мөрний урсац бүрэлдэх эхийг хаанаас эхэлж үзэх, төгсгөл хэсгийг яаж тогтоох зэрэг дээр олон маргаантай асуудал гардаг ажээ. Одоогийн байдлаар Гиннесийн дээд амжилтын ном, Британийн нэвтэрхий толь бичиг, АНУ-ын Засгийн газар зэрэг нь Нил мөрнийг дэлхийн хамгийн урт гол гэж үздэг. АНУ-ын Геологийн алба Нил мөрнийг 4000 миль урттай Амазон мөрнөөс 132 милиэр урт гэж тооцоолжээ. Гэтэл Бразил улс "Нил мөрөн дэлхийд Амазоны дараа хоёрдугаарт ордог" гэж мэдэгдсээр байна. Ирэх жил хийхээр төлөвлөж буй экспедиц нь энэхүү маргааныг эцэслэнэ гэж найдаж байгаа ч зарим мэргэжилтнүүд ч "Дэлхийн хамгийн урт голын тухай асуудал хэзээ ч шийдэгдэхгүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.