14 настай хүү Илон Маскийн компанид инженер боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
14 настай сод ухаант Киран Кважи хэмээх америк хүү Илон Маскийн үүсгэн байгуулсан сансар судлалын “SpaceX” компанид ажилд уригдаж ирэх сараас программ хангамжийн инженерээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа цахимаар “Манай гарагийн хамгийн гайхалтай компанид программ хангамжийн инженерээр ажилд оров. "Starlink" инженерийн багийнхантай хамтарч ажиллахаар боллоо” гэсэн байна. "Санта Клара" их сургуулийн оюутан тэрбээр энэ сард сургуулиа төгсөөд ирэх сард “SpaceX” компанид ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч болж байгаа аж. К.Кважи жилийн хугацаанд олон арван компанид ажилд орох хүсэлт гаргасан ч 95 удаа татгалзсан хариу авч, ердөө гурван компани л түүнд ажил санал болгожээ. Түүний удирдагч багш, "Санта Клара" их сургуулийн профессор Ахмед Амер хэлэхдээ, хүүг наснаасаа болоод ажилд орох гэж чамгүй бэрхшээл туулсан тухай өгүүлсэн байна. Кважи хүү хоёр настайгаасаа бүтэн өгүүлбэрээр ярьж эхэлсэн бөгөөд цэцэрлэгт байхдаа радиогоор сонссон мэдээгээ бусад хүүхдүүд, багш нарт ярьж тайлбарлаж өгдөг байжээ. Эцэг эх нь түүнийг 9 настай, бага сургуулийн гуравдугаар ангид байхад нь хоёр жилийн коллежид оруулжээ. Коллежид элсэж ороод хэдхэн сарын дараа “Intel” хүрээлэнгийн хиймэл оюун ухааны хамтарсан судалгааны багт дадлага хийсэн байна. Удалгүй тэрбээр 11 настайдаа "Санта Клара" их сургуульд компьютерийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр сурч эхэлсэн байна. Тэрбээр олон нийтэд өөрийнхөө тухай танилцуулахдаа "Би хөгжилтэй, айдасгүй, оюуны сониуч зантай" гээд хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж, суурь шинэчлэл хийж олон нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах ажилтай болохыг мөрөөддөг тухайгаа бичсэн байна.
Редакциас: Мэдлэг, оюунд чиглэсэн энэ мэт эерэг мэдээ, нийтлэлийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.