images

Хойд Солонгост Ким Ир Сений дүүгийн 107 насны ойг тэмдэглэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-12


     Өнөөдөр Хойд Солонгост их удирдагч Ким Ир Сений дүү Ким Чол Жүгийн (1916-1935) мэндэлсний 107 насны ой тохиож байна. Энэ тухай тус улсын гадаад суртал ухуулгын "Joseon Today" сонин онцлон мэдээлэв. Ким Чол Жү нь 1916 оны 6-р сарын 12-нд Пёнян хотын Мангёндэ дүүрэгт мэндэлжээ. 1926 оны зургаадугаар сард түүнийг 10 настай байхад эцэг нь өөд болсон бөгөөд тэрбээр эцгийнхээ үйлсийг үргэлжлүүлж эх орныхоо үйлсэд бүхнээ зориулна хэмээн шинээр байгуулагдсан “Шинэ үеийн хөвгүүдийн холбоо”-нд гишүүнээр элсэн хувьсгалт үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэмээн тус улсын хэвлэлүүд сурталчилж байна. Тус холбоог Хятадын Жилин мужийн Фусон хотод анх Ким Ир Сен үүсгэн байгуулсан хэмээн мөн хэвлэлүүд мэдээлжээ. Ким Чол Жү нь тус холбооны суртал ухуулгын ажлыг хариуцдаг байсан байна. Улмаар 1929 оноос Жусоны коммунист залуучуудын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 1933 оноос Империалистын эсрэг эвслийн хорооны Хятадад дахь хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр 1935 оны зургаадугаар сарын 14-нд 19 насандаа Японы армитай тулалдаж яваад амь үрэгдсэн байна. 1990 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс Пёняны багшийн их сургуулийн нэрийг "Ким Чол Жү багшийн их сургууль" болгон өөрчилсөн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.