Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналтны эхнэр Далай ламтай уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаалын гол төлөөлөгч, Нобелийн энх тайвны шагналт, Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Шяобо агсны эхнэр Лю Шиа Төвдийн шашны удирдагч Далай ламтай уулзсан тухай “Америкийн дуу хоолой” радио мэдээлэв. Тэрбээр дагалдан яваа 50 орчим хүмүүсийн хамт Энэтхэгийн Дарамсала хотод зорин очиж Төвдийн бодлогын хүрээлэнгээс зохион байгуулсан гурван өдрийн арга хэмжээнд оролцохдоо Далай ламтай уулзсан байна. Тус хүрээлэнгийн албаны хүн "Америкийн дуу хоолой"-д хэлэхдээ, Далай лам Лю Шиатай уулзсандаа маш их баяртай байна гээд Лю Шиа эрүүл мэндийн олон асуудал, сэтгэл санааны байдал зэргээс болж хүмүүстэй харилцахаас эмээдэг ч Далай ламтай уулзах гэж хол замыг туулж ирээд зорьсон хэргээ бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа тухай мэдэгдсэн байна. Лю Шяобо Хятад улсад ардчилал тогтоохыг уриалж, Тяньаньмэний эсэргүүцлийг дурсан нийтлэл хэвлүүлснийхээ төлөө хэд хэдэн удаа баривчлагдаж байжээ. 2010 онд түүнийг Нобелийн энх тайвны шагналын эзнээр тодруулсан ч тэр өөрөө шоронд хоригдож байсан тул Нобелийн хороо хоосон сандал дээр шагналыг нь тавьж байсан юм. Тэрбээр шоронд байхдаа элэгний хорт хавдраар өвчилж, 2017 оны долдугаар сарын 13-нд таалал төгссөн билээ. Түүнийг өөд болсон хойно эхнэр нь Бээжин дэх гэртээ гэрийн хорионд сууж байгаад 2018 оны долдугаар сард Герман руу гарчээ. Далай лам Лю Шяобог амьд байхад нь Хятадын эрх баригчдаас түүнийг суллахыг шаардаж байсан бөгөөд нас барсных нь дараа эмгэнэл илэрхийлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.