Өмнөд Хятадын тэнгисийн 1500 метрийн гүнээс их хэмжээний шаазан эдлэл олдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
Хятадын шинжлэх ухааны судалгааны усан онгоц “Tan Suo Yi Hao”-гийн зөөвөрлөсөн "Shenhai Yongshi” шумбагч хөлөг бямба гарагийн өглөө Хайнань мужийн Саньяа хотын Өмнөд Хятадын тэнгист хийж буй далайн гүний археологийн хайгуулаас олон төрлийн соёлын дурсгалууд олжээ. 2022 оны аравдугаар сард тус тэнгист 500 орчим хайгуулын шумбалт хийсний эцэст Мин гүрний (1368-1644) үед хамаарах хоёр сүйрсэн усан онгоц илрүүлэн №1, №2 гэж нэрлэж байв. Улмаар тус усан онгоц олдсон хэсэгт дахин археологийн судалгаа хийж, далайн ёсроолын 10 мянган хавтгай дөрвөлжийн метр талбайд олон тооны шаазан эдлэл болон бусад соёлын дурсгал байгааг илрүүлжээ. Уг хайгуулыг сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд археологийн хамтарсан багийн гишүүд хийсэн бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн 1500 метрийн гүнээс 500 орчим жилийн өмнөх үед хамаарах 200 гаруй соёлын дурсгалыг оллоо. Дурсгал дотор хөх, цагаан өнгийн таваг, өнгөлсөн цагаан аяга, ваар, модон хайрцаг, нэг метр гаруй урт зангуу зэрэг байжээ. Улмаар энэхүү нээлт нь Хятадын төдийгүй дэлхийн хэмжээнд томд тооцогдох далайн гүний археологийн судалгааны нээлт болж байна. Учир нь, дэлхий дахинд далайн 1500 метрийн гүнд хийсэн өөр археологийн судалгаа байхгүй.
Одоогоор дээрх түүх соёлын олдворуудыг шинжлэхээр археологич, геофизикч, далайн геологич, далайн биологич, цахилгаан механикийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг судалгааны ажлаа эхлүүлсэн гэнэ. Мөн тус олдворуудын байршлыг тогтооход сүүлийн үеийн технологи, олдворын 3D зураг хийх программ ашигласнаас гадна уснаас зөөж гаргахад зөөлөн гартай робот атгагч зэрэг дэвшилтэт технологийг ашиглажээ. Хятадууд ийм далайн гүний археологийн судалгааг 1980 оноос хийсэн ч 40 метрийн гүнээс доош судалж байгаагүй тул 2018-2022 оны хооронд энэ төрлийн судалгаанд ахиц дэвшил гаргахаар ажиллаж дээрх үр дүнд хүрээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.