Австралийн сонин 185 жилийн өмнөх нийтлэлийнхээ төлөө уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
Австралийн хамгийн олон жилийн түүхтэй мэдээллийн хэрэгслийн нэг “Sydney Morning Herald” сонин 185 жилийн өмнө тус улсын Шинэ Өмнөд Үэльс мужид нутгийн уугуул иргэдийг хоморголон устгах үед энэ тухай арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан утга бүхий мэдээ нийтэлж байсныхаа төлөө уучлал гуйлаа. Тус сонины редакц энэ тухай "Myall Creek Apology" гэсэн гарчигтай тусгай нийтлэл бичиж, "1838 онд аборигенчуудыг хоморголон устгасан үйл явдлын үеэр энэ гэмт хэргийг үйлдсэн 11 цагаан арьстныг цагаатгахыг дэмжсэн утгатай мэдээ нийтэлж байсандаа уучлалт гуйж байна" гэжээ. Улмаар тухайн үед 11 гэмт хэрэгтнийг ялаас чөлөөлүүлэх тухай кампанит ажил хүртэл өрнүүлж байснаа дурдан буруугаа хүлээсэн байна. Ингээд зогсохгүй тухайн үед болсон үйл явдлын нарийн ширийнийг илэн далангүй гарган ирж “Нотлох баримт дутмаг хуулийн үйл ажиллагаанд эргэлзсэндээ биш гэмт этгээдүүд нь цагаан арьстан, хохирогчид нь хар арьстнууд байсан учраас тийм үйл ажиллагаа явуулсан” хэмээн хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ. Эцэст нь "Үнэн бол эвлэрч, учир зүйгээ олоход маш чухал хүч" гэсэн байна. 1838 оны зургадугаар сарын 10-нд Өмнөд Уэльс мужийн Myall Creek тосгонд нутгийн уугуул 28 хүнийг хоморголон устгасан явдлыг түүхэнд "Майол Крикийн аллага" гэж нэрлэдэг. Энэ гэмт хэрэгт 11 хүнийг хамаатуулан баривчлаад долоог нь буруутган цаазаар авах ял оноож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.