Хар арьст эрдэмтэн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
Америкийн шашин судлаач эрдэмтэн, хар арьст нийгмийн идэвхтэн, Холбооны Теологийн их сургуулийн профессор Корнел Уэст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдэв. Тэрбээр Twitter хуудсандаа нэр дэвшинэ гэдгээ илэрхийлж, "Би бүх амьдралынхаа туршид баримталж ирсэн үнэн, шударга ёсны төлөө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэжээ. Улмаар Ардчилсан намын гишүүн, ерөнхийлөгч Жо Байденыг "Цуцашгүй неолиберал", Бүгд найрамдах намын гишүүн, ерөнхийлөгч асан Дональд Трампыг "Неофашист" гэж шүүмжилжээ. Тэрбээр цөөнх болсон Ардын нам (People's Party)-аас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна. Ардын нам нь АНУ-ын дэвшилтэт жигүүрийг төлөөлдөг сенатор Берни Сандерс манлайлан 2017 онд байгуулагдсан нам юм. Бодит байдал дээр профессор К.Уэстийн сонгогдох магадлал маш бага хэдий ч тэрбээр өнөөг хүртэл нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагаараа сонгуулийн сурталчилгаагаар дамжуулан нийгмийн янз бүрийн асуудлаар дуу хоолойгоо хүргэх аж. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цалин, орон сууцны дэмжлэг, үр хөндөлтийн эрх, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлт, Америкийн ардчиллын хямрал зэргийг онцолсон байна. Тэрбээр ахлах сургуулиасаа эхлэн хар арьст иргэний эрхийн хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд Принстоны их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны хар арьст хүн ажээ. Мөн Харвард, Йель, Принстоны их сургуульд багшилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.