Хойд Солонгосын дараагийн удирдагч хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-06-05
Барууны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын дэд дарга Ким Ё Жоныг тус улсын хамгийн нөлөө бүхий хүний нэг хэмээн онцолж байна. Улмаар их удирдагч Кимд маш их нөлөөтэй байдаг дүү бүсгүй нь эрх мэдлийн оргилд хэнээс ч илүү ойртсон гэж тайлбарлажээ. Их Британийн “The Times” сонин "Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ким Ё Жон суртал ухуулагч, хэвлэлийн төлөөлөгч, дипломатч, бодлого боловсруулагчийн хувиар цэвэр өөрийн хүчээр гарч ирсэн" гэжээ. Тус улсын нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн хувьд одоогийн Гадаад хэргийн сайд Чой Сон Хий нь англиар чөлөөтэй ярьдаг, ажил мэргэжлийн шугамаар эрчүүдтэй хундага тулгах, тамхилах зэргээр нэлээд чөлөөт харилцаатай нэгэн аж. Ким даргын охин Ким Жү Э нь цэргийн парад, баллистик пуужин хөөргөх зэрэг томоохон ёслолд л аавыгаа байнга дагалдана. Мөн Ким Жон Уны туслахын үүрэг гүйцэтгэдэг байсан хөнгөн хөгжмийн хамтлагийн дуучин Хён Сон Вол мөн нөлөө бүхий эмэгтэйн тоонд ордог. Гэвч эдний хэн нь ч Ким Ё Жонд ойртож очихгүй хэмээн тус сонин бичжээ. Ким Жон Ун Өмнөд Солонгос, Хятад, Сингапур, Вьетнам зэрэг орнуудад айлчлахад охин дүү нь байнга дагалдаж явсан. Тэрбээр 2012 онд намын суртал ухуулгын хэлтэст орсны дараа тус улсын мэдээллийн байгууллагад Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг өмнөхөөсөө илүү эрс хатуу шүүмжлэлийг цацах болсон байна. Хойд Солонгосын хэвлэлүүд 2014 онд тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг "Америкийн биеэ үнэлэгч" гэж нэрлэж байсан бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг "Сармагчин төрхтэй, угсаа гарал тодорхойгүй эрлийз" гэж байв. Энэ бүхнийг Ким Ё Жоны бүтээл гэж тус сонин нэрлэсэн байна. Ким Жон Ун тамхи татахад дэргэд нь үнсний савыг нь барин зогсож байсан нь ч бий. Үүнийг дуулгавартай байдлын шинж гэж байсан ч Хойд Солонгос судлаач мэргэжилтнүүд түүний ДНХ гадаадын тагнуулчдын гарт орохоос хамгаалах зорилготой хэмээн тайлбарласан байна. Мөн Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх судалгааны хүрээлэнгийн захирал Чой Жин Үкийн хэлснээр бол цэргийн парад зэрэг онцгой арга хэмжээний үеэр Ким Жон Ун болон бусад удирдлагууд сууж байхад арын эгнээгээр намын дэд дарга Ким бүсгүй л босож гарч орон, нааш цааш чөлөөтэй явдаг. Ийм орчинд босч, хөдөлж чаддаг хүн түүнээс өөр үгүй гэжээ. Ким Жон Ун нь илүүдэл жингээс болж эрүүл мэндийн хувьд сайнгүй гэж ярьдаг. Түүний аав болон өвөө нь зүрхний шигдээсээр өөд болсон. Төрсөн ах Ким Жон Чол нь улс төрөөс хол хөндий, гитар тоглох зэргээр урлаг сонирхдог нэгэн. Ийм нөхцөлд дараагийн эрх мэдэл Ким Ё Жонд төвлөрөх магадлал өндөр байгаа тухай “The Times” сонин онцлов.
Эх сурвалж: Yonhap New агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.