Йорданы ханхүү Саудын Арабын язгууртны охинтой гэрлэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
Йорданы угсаа залгамжлах ханхүү Аль Хуссейн бин Абдулла Саудын Арабын нөлөө бүхий язгууртны охин Ражва аль-Саифтай гэрлэсэн тухай “Daily Arab News” сонин мэдээлэв. Уг хуримын ёслолд Английн хунтайж Уильям, Кэйт Миддлтон зэрэг дэлхийн улс орнуудын хаадын гэр бүлийн гишүүд, нөлөө бүхий хүмүүс оролцсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены эхнэр Жилл Байден, Цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Жон Кэрри нар мөн уг хуриманд оролцжээ. 11 сая хүн амтай Йордан улс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, томоохон гудамж талбайг төрийн далбаа, туг дарцагаар чимэглэсэн байна. Амман хотын томоохон талбай, гудамжуудад хуримын ёслолыг том дэлгэцээр дамжуулжээ. Гэрлэсэн хоёр өнгөрсөн оны наймдугаар сард сүй тавьсан аж. 2009 онд 15 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр өргөмжлөгдсөн Аль Хуссейн нь хаан II Абдуллагийн ууган хүү юм. Хаан II Абдулла, хатан Раниа нар Хуссейнээс гадна 26 настай Иман гүнж, 22 настай Салма гүнж, 18 настай ханхүү Хашем зэрэг хүүхдүүдтэй ажээ. Ханхүү Хуссейн нь АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд олон улсын түүхийн чиглэлээр, мөн Английн Хатан хааны цэргийн академид суралцжээ. Тэрбээр Йорданы армид нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж байсан байна. Сүйт бүсгүйн эцэг Аль-Саиф нь Саудын Арабын хамгийн том барилгын компанийг эзэмшдэг тэрбумтан ажээ. Нью-Йорк дахь Сиракузын их сургуульд архитектурын чиглэлээр суралцсан Аль-Саиф АНУ болон Саудын Арабт архитектороор ажилладаг. Йорданы улс төр судлаач Амер Сабайл “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ бол зүгээр нэг хурим биш, Йорданы ирээдүйн хааныг зарлах арга хэмжээ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.