Азийн богино хэмжээний киноны наадамд NFT, токен ашиглана
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
Ирэх сард Токио хотноо Азийн богино хэмжээний кино наадмын 25 жилийн ой болох гэж байна. Энэ жилийн наадмаар олон улсын кино уран бүтээлчдийн 270, шинэ уран бүтээлчдийн 20 хөтөлбөрийг танилцуулах бөгөөд зарим бүтээлийг цахимаар үзэх боломж олгох ажээ. Мөн наадам гурван жилийн дараа дахин болох гэж буй тул “Unlock” буюу “Түгжээгүй” гэсэн ерөнхий сэдвийн дор болж, цар тахлын дараах амьдралыг харуулсан цуврал кинонууд үзүүлэхээр болжээ. Тухайлбал, "Unlock--Jumping into a New World Program” хөтөлбөрийн хүрээнд Япон, Өмнөд Солонгосын дөрвөн залуу эмэгтэй уран бүтээлч өөр өөрийн орныхоо жендерийн тэгш бус байдал, нийгмийн дарамтыг харуулах баримтат кино бүтээснийг үзүүлэх аж. Мөн Украины найруулагч Наталка Ворозбитийн “Are You Ok?” буюу “Зүгээр үү?” нэртэй ОХУ-ын түрэмгийллийн улмаас улсаа орхин гарсан залуу ээж, охин хоёрын түүхийг өгүүлэх киног гаргана. Энэ мэтчилэн олон улсын кино наадмын дэлгэцнээ гарах бүтээлүүдийг 120 орны 5122 киноноос сонгожээ. Мөн технологийн шинэ шийдлийг нэвтрүүлж буй энэ наадмын шилдгийг шалгаруулахад үзэгчдийн саналыг NFT, эсвэл токен ашиглаж авах гэнэ. Энэ нь МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд "NUM NFT" гаргаж, түүнийг худалдан авсан хүмүүс их сургуулийн тэтгэлэгт өргөдөл гаргасан оюутнуудын шалгаруулалтад оролцож санал өгөх эрхтэй болсонтой адилхан юм. Наадамд шалгарсан зарим киног энэ сарын 6-26-нд Токиогийн цөөн хэдэн кино театраар гаргах бол заримыг нь долдугаар сарын 9-ныг хүртэл цахимаар үзэх боломжтойгоор хэдийнэ байршуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.