Швед тамхигүй орон болоход ойртов
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
ДЭМБ-аас зарласан Дэлхийн тамхигүй өдөр тавдугаар сарын 31-нд болж өнгөрсөн билээ. Тэгвэл Европын холбооны улсуудаас Швед тамхины хэрэглээ хамгийн багатай орон бөгөөд “Тамхигүй орон” гэж зарлахад тун ойрхон болсон гэнэ. Учир нь, тус улсын хүн амын таваас бага хувь нь тамхи татдаг ажээ. Шинжээчид үүнийг тамхины эсрэг олон арван кампанит ажил, хууль тогтоомжийн нөлөө гэж тайлбарлаж буй ч нөгөө талаас Европын холбооны бусад оронд хориглосон утаагүй тамхины бүтээгдэхүүн болох “snus” гэдэг бүтээгдэхүүнийг тус улс хүлээн зөвшөөрдөгтэй холбон тайлбарлаж байна. 2019 онд 15-аас дээш насны швед хүмүүсийн ердөө 6.4 хувь нь өдөр бүр тамхи татдаг байсан нь тухайн үедээ Европын холбооны 27 улс дотроо хамгийн бага үзүүлэлт байсан юм. Харин өнгөрсөн онд тамхи татагчдын тоо дээрхээс ч багасаж 5.6 хувьд хүрснийг Шведийн Нийтийн эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ. Мөн шведүүд ч тамхи татах нь эрүүл мэндэд эрсдэлтэй гэдгийг сайн ойлгодог учраас тамхинаас татгалздаг байна. Тус улсын хүн амын 20 хувь нь 20 жилийн өмнө өдөр бүр тамхи татдаг байсан бол энэ тоо төдий хэмжээнд буурснаар уушгины хорт хавдрын өвчлөл багасах зэргээр нийтийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлжээ. Энэ үр дүнд яаж хүрсэн талаар тус улсын Хавдрын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ульрика Арэхэд “Бид эхний ээлжинд олон нийтийн талбай болох сургууль орчмын бүс, сургалтын төвүүд, эмнэлэг, зоогийн газар, задгай талбайн кафе, галт тэрэг, автобусны буудалд тамхи татахыг хориглосон” гэв. Мөн энэ ажлын хажуугаар тамхины татварыг нэмсэн нь зах зээлд чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Тэгвэл ДЭМБ-ийн мэдээлснээр хүн амын дундах тамхидалт нь таваас бага хувьтай байгаа өөр нэг орон нь Туркменистан улс юм. Тус улсын эмэгтэйчүүд огт тамхи татдаггүй бөгөөд эрчүүдийнх нь ердөө долоон хувь тамхи татдаг байна. Гэхдээ дэлхий дээр 1.2 тэрбум хүн тамхийг өдөр бүр хэрэглэдгээс 100 сая нь Европын холбооны улсад байдаг гэсэн тооцоо бий.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.