images

Нисэхийн компанийн ерөнхийлөгч онгоцны үйлчлэгч болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-31


     Нидерландын үндэсний агаарын тээвэрлэгч KLM компанийн ерөнхийлөгч Марьян Ринтэл тавдугаар сарын 27-нд Лос-Анжелэсээс Амстердам руу ниссэн компанийнхаа онгоцонд үйлчлэгчээр ажиллажээ. Тэрбээр онгоцны бусад үйлчлэгч нарын адилаар дүрэмт хувцас өмсөж, зорчигчдод дүрэм журам тайлбарлах, шаардлагатай зааварчилгааг өгөх, хоол унд түгээх, хэрэгцээт зүйлсийг нь авчирч өгөх зэргээр үйлчилсэн байна. Өдгөө 56 настай М.Ринтэл нь KLM компанид анх 1999 онд ажилд орсон бөгөөд янз бүрийн албан тушаалд ажилласаар 2020 онд Захирлуудын зөвлөлийн дарга, улмаар 2022 оны долдугаар сард ерөнхийлөгч, ерөнхий захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэхээр томилогдсон юм. Түүнийг ийнхүү үйлчлэгчээр ажиллаж байхад нь онгоцонд зорчиж явсан Дэвид Эллиот хэмээх хүн таньж зургийг нь авчээ.     

       Нисэхийн компанийн захирлууд үйлчилгээний ажил түр хугацаагаар боловч ийнхүү гүйцэтгэсэн тохилдол өмнө нь ч гарч байсан гэнэ. Тухайлбал, Филиппиний “АirAsia Philippines” компанийн ерөнхий захирал Рики Айла байгууллагынхаа газрын үйлчилгээний ажилтны үүргийг нэгэнтээ гүйцэтгэж байв. газрын үйлчилгээний ажилтан нь зорчигчдын ачааг ачих, буулгах, ангилах, онгоцонд үйлчилгээ үзүүлэх, нислэгийн талбайн цас мөс арилгах гэх мэт олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн Филиппиний “Philippine Airlines” компанийн ерөнхийлөгч, мэргэжлийн нисгэгч Стэнли Нг Манила хотоос Австралийн Пэрт рүү ниссэн зорчигч тээврийн онгоцыг жолоодон, энэ чиглэлийн нислэгийн тэмдэглэлт ойд хүндэтгэл үзүүлж байв. Тэрбээр мөн энэ албыг хүлээн авсныхаа дараахан буюу  өнгөрсөн оны 11 дүгээр сард улсынхаа ерөнхийлөгчийг Камбож улсад болсон АСЕАН-ы гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахад онгоцыг нь жолоодон хүргэж өгч байжээ.

          KLM компани нь 1919 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд хамгийн олон жил тогтмол нислэг үйлдсэн компани юм. Тус компани 2014 онд Францын үндэсний агаарын тээвэрлэгч “Air France” компанитай нэгдэн “Air France-KLM” группийг үүсгэсэн түүхтэй. KLM нь мөн анхны нэрээ огт өөрчлөлгүй хадгалсаар яваа дэлхийн цорын ганц нисэхийн компани бөгөөд энэ нэр нь Koninklijke Luchtvaart Maatschappij буюу Эзэн хааны нисэхийн пүүс гэсэн үгийн товчлол ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.