images

Ерөнхийлөгчөөсөө буугаад номын дэлгүүр нээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-31


   Одоогоос нэг жилийн өмнө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж ажлаа өгсөн БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хувийн номын дэлгүүртэй болжээ. Өмнөд Кёнсан мужийн Янсан хотод байрлах түүний дэлгүүр нээгдсэнээс хойш нэг сарын дотор 40 мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна. Тодруулбал 4 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийсэн тус номын дэлгүүр 5 дугаар сарын 25-ны өдөр гэхэд 40300 хүн үйлчлүүлж, 22690 ширхэг ном худалдаж авсан дүн мэдээг Солонгосын хэвлэлүүд өнөөдөр нийтэллээ.. Ерөнхийлөгч асан энэ тухайд "Олон хүн ирж үйлчлүүлж байгаад би маш их баярлаж байна" гэжээ. Энэ хугацаанд хамгийн их борлуулагдсан ном бол түүний өөрийн бичсэн "Ном уншдаг хүн-Мүн Жэ Иний номын тэмдэглэл" хэмээх ном байжээ. “Пёнсан” нэртэй тус дэлгүүр нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд хуулийн этгээд болж бүртгүүлсэн бөгөөд байгууллагын Удирдах зөвлөлд яруу найрагч Ан Ду Хён, Мүн Жэ Инийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байсан яруу найрагч До Жон Хван зэрэг утга зохиолын зүтгэлтнүүд багтсан байна. Мүн Жэ Ин номын дэлгүүрээ нээхдээ “Бүх орлого дэлгүүрийн санд хуримтлагдаж цэвэр ашгийг Пёнсан тосгон оршин суугчдад зориулсан төсөл зэрэг олон нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулна" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр номын дэлгүүр дотроо жижиг номын сан байгуулсан бөгөөд “Манай номын дэлгүүр, номын сан нь орон нутгийн иргэдийн уншлагын газар, хайр халамжийн өргөө болно гэдэгт найдаж байна” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.