Оросоос гарч буй дэлхий том компаниудыг татах ажлыг Казахстан улс эрчимтэй хийж байна
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Украины дайнаас хойш Оросоос гарч буй гадаадын компаниудыг Казахстан улс дотооддоо татан оруулахыг идэвхтэй оролдож байна. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Алмас Айдаров парламентад мэдээлэл хийхдээ "Казахстаны засгийн газар Оросын зах зээлээс гарч буйгаа албан ёсоор зарласан компаниудыг татахын тулд идэвхтэй ажиллаж байна" гээд, одоогийн байдлаар тус улсад хөрөнгө оруулалт хийж бизнесээ явуулах сонирхолтой 400 гаруй аж ахуйн нэгж байгаа талаар мэдээлсэн байна. Улмаар Засгийн газраас тус компаниудад санал тавьж одоогоор 67 аж ахуйн нэгж тус улсад салбараа нээхээр болсон тухай мэдээлжээ. Эдгээр нь голдуу Герман, Америк, Швейцар, Японы компаниуд байгаа талаар нэмж хэлсэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсний дараа Орост бизнес эрхэлж байсан эрчим хүч, санхүү, автомашины салбарын дэлхийн олон компани тус улсаас гарсан юм. Казахстан улс нь Украины дайнд төвийг сахисан байр суурийг баримталж байгаа билээ. Мөн ерөнхийлөгч К.Токаев ОХУ-аас гарч буй компаниудыг тус улсад орж ирэх таатай нөхцөл бүрдүүлэхийг холбогдох яамддаа үүрэг болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.