Улс орнуудын сонгуулийн саналын хуудсан дээр ямар тэмдэглэгээ байдаг вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Туркт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд саналын хуудсан дээр хоёр нэр дэвшигчийн нэрсээс гадна гэрэл зургийг хэвлэсэн байлаа. Гарын алганы чинээ саналын хуудасны зүүн талд Ерөнхийлөгч Режеп Эрдоганы, баруун талд нь сөрөг хүчний нэр дэвшигч Кемал Кылычдароглугийн зураг байв. Зураг нь цаасны өндрийн тал орчим хувийг эзэлжээ. Р.Эрдоганы 2014 онд, мөн 2018 онд сонгуулийн үеэр хэрэглэж байсан гэрэл зургийг энэ удаагийн сонгуульд мөн адил ашигласан байна. Энэ мэтчилэн нэр дэвшигчийн гэрэл зургийн хамт хэвлэх тохиолдол дэлхийн зарим оронд байдаг аж. Мөн намын лого эсвэл бэлгэдлийг зурах тохиолдол ч байдаг. Өмнөд Суданд 2011 онд тусгаар тогтнолын төлөөх санал хураалт явуулах үед бичиг үсэг мэддэггүй хүмүүс нийт хүн амын бараг 80 хувийг эзэлж байжээ. Тиймээс тусгаар тогтнолыг дэмжигчдийг нэг гарын зурагтай тэмдэглэгээнд, тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа нь хоёр гар атгасан тэмдэглэгээнд тэмдэг тавих зэргээр санал авч байжээ. Мөн Египет, Өмнөд Африкт нэр дэвшигчдийн гэрэл зураг болон намын логог саналын хуудас дээр өнгөтөөр хэвлэдэг бол Энэтхэгт бадамлянхуа, заан зэрэг намын бэлгэдлийг саналын машин дээр хэвлэдэг аж. Нэр дэвшигчдийн гэрэл зургийг саналын хуудсан дээр байнга хэвлэдэг орон бол Ирланд юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.