images

Эверэстийн оргилд хүн анх гарсны 70 жилийн ой тохиож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүн анх удаа хөл тавьсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1953 оны тавдугаар сарын 29-ний өдөр Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, ширваа Дэнзэн Норгай нар анх удаа Эверэстийн оргилд гарчээ. Тухайн үед тэдний дайран өнгөрч байсан газар тариалан голлосон жижиг тосгод одоо зочид буудал, ресторан, уулын тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдтэй аялал жуулчлалын томоохон төв болжээ. Өнөөдөр тус нутгийн уугуул иргэд газар тариалан эрхлэх, сарлаг маллахаас илүү уулын авиралтын хөтөч болсон бөгөөд гурван үеэрээ ийм ажил эрхэлж буй хүмүүс ч байна. Уг ажил нь хүнд хэцүү, амь насанд эрсдэлтэй боловч туршлагатай сайн хөтөч болж чадвал улиралд 10 мянган доллар олох боломжтой байдаг аж. Энэ бол Балбын жилийн дундаж орлогоос хэд дахин их мөнгө юм. Ширваа гэдэг нь Хималайн нурууны өндөрлөг газарт амьдарч байсан цөөнх үндэстний нэр боловч одоо Эверэст зэрэг өндөр оргилд авирах уулчдыг удирдан чиглүүлж, ачаа тээш зөөх, тоног төхөөрөмж засварлах зэрэг ажлыг хийдэг хүмүүсийг нэрлэх болжээ. Ширваа Пүрэвдаш уулын тосгонд төрж, аав, нагац ах нараа уулын хөтөч хийн явахыг харж өссөн бөгөөд одоо өөрөө Эверэстэд 21 удаа авирсан ахмад хөтөч болжээ. Тэрбээр "Жил ирэх тусам Эверэстийг зорих уулчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь бидний орлого нэмэгдсэн гэсэн үг" гэжээ. Энэ жил гэхэд Эверэстэд авирах зөвшөөрлийн төлбөрөөс Балбын Засгийн газар таван сая долларын орлого олсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.