Хэнри Киссинжер 100 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-29
Дипломатуудын амьд домог гэгддэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн энх тайвны шагналт Хэнри Киссинжер 100 нас хүрлээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Португалийн Лиссабон хотод болох Билдербэргийн бага хуралд оролцоод, 100 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр өөрийн төрсөн нутаг болох Германы Фюрт хотыг зорихоор төлөвлөж байгаа ажээ. Түүний хүү Дэвид Киссинжер саяхан “Washington Post” сонинд бичсэн нийтлэлдээ эцгийнхээ урт наслалтын нууцыг "Эцэж цуцашгүй сониуч зан, ямагт эрч хүчтэй байдаг чанар" гэж онцолжээ. Улмаар “Сүүлийн жилүүдэд Талархлын баяр болгоноор аав маань ач зээ нартайгаа “Терминатор” киноны тухай ярилцаж, энэхүү шинэ технологийн талаар санал бодлоо солилцдог” хэмээн ярьжээ. Хэдийгээр Х.Киссинжерийг ихэвчлэн "хүйтэн реалист" гэж тодорхойлдог ч тэрбээр аливаа зүйлд маш хариуцлагатай ханддаг бөгөөд эх оронч үзэл, үнэнч байдал, бие даасан байдлыг дээдэлдэг ажээ. Тэрбээр улс төрийн өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй халуун дотно нөхөрлөж ирсэн байна. Хүйтэн дайны үед АНУ-д сууж байсан Зөвлөлтийн Элчин сайд Анатолий Добрынинтой дотно нөхөрлөж, шатар тоглодог байжээ. Улмаар Дэвид “Би аавынхаа тууштай зарчим, түүхэн бодит байдлыг ухамсарлан улс орноо зөв авч явахын төлөөх хүчин чармайлтаар ямагт бахархдаг. Энэ бол миний аавын нэг зуун жилийн турш баримталж ирсэн үнэт зүйл юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.