images

Афган эмэгтэйчүүдийн тухай баримтат кино Каннын наадамд

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Холливүүдийн жүжигчин Женнифер Лоуренс Афганистаны эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүдийн тухай баримтат кино хийжээ. Энэ удаагийн Каннын кино наадамд Лоуренс болон түүний найз Жастин Чарроки нарын хамтран бүтээсэн “Талх ба сарнай” баримтат киног үзүүлсэн байна. Энэ нь 2021 оны 8 дугаар сард АНУ Афганистанаас цэргээ татаж талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа гурван афган эмэгтэйд тохиолдсон явдлыг харуулсан бүтээл ажээ. Эсэргүүцлийн жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг баривчилж, нийслэл Кабул дахь цагдан хорих төвд хүргэхэд тэд хэрхэн эсэргүүцэл илэрхийлсэн талаар кинонд тусгажээ. Засгийн газрын цэргүүд тэднийг элдэв янзаар сүрдүүлж заналхийлсэн ч тэд энэхүү заналхийллээс үл эмээн тэмцсэн байна. Улмаар нууц бүлгэм үүсгэн, ямар ч дарамтад сөхрөхгүй гэж хоорондоо тангараг тавин тэмцэж байгаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг тус кинонд үзүүлжээ. Тэд “Эмэгтэйчүүд бид өөрсдийн түүхээ өөрсдөө бичих ёстой” гэсэн уриатай. Эдгээр дүрсийг гар утасны камер ашиглан нууцаар бичиж, үүндээ эмэгтэйчүүдийн тэмцлийг илүү бодитоор тусгахыг хичээсэн байна. Уг баримтат киног Афганистаны продюсер, "Afgan Dog House" компанийг үүсгэн байгуулагч Сара Мани найруулжээ. 2018 онд С.Мани бэлгийн хүчирхийлэлд өртөж буй афган эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан "A Thousand Girls Like Me” нэртэй баримтат киног бүтээж байсан юм. Ж.Лоуренс "Афганистан эмэгтэйчүүд одоогоор эх орондоо эрх мэдэлгүй байна. Тэдэнд түүхээ өөрийнхөөрөө бичих боломжийг олгох нь маш чухал" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.