images

72 настайдаа коллеж төгсөж 98 настай ээжийгээ баярлуулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-23


     АНУ-ын Жоржиа мужийн Лавренсвилл хотын иргэн, 72 настай Сэм Каплан Georgia Gwinnett коллежийг кино, медиа урлагийн мэргэжлээр төгсөж, тавдугаар сарын 11-нд бакалаврын дипломаа гардан авлаа. Тэрбээр “Энэ миний анхны дээд боловсролын зэрэг. Би ах дүү долоогоосоо анх удаа боловсролын зэрэг авсан нь болж байна” хэмээн ярьжээ. С.Каплан 1969 онд ахлах сургуулиа төгсөж байсан бөгөөд коллежид сурах тухай тэр үед бодож байгаагүй гэнэ. Өдгөө таван хүүхдийн аав, 15 ач, зээтэй тэрбээр дуудлагын цэвэрлэгээний болон телемаркетингийн компанид ажиллаж байснаас гадна цахилгаан барааны бөөний худалдагч, хагас цагийн таксины жолооч зэрэг янз бүрийн ажил хийж байсан аж. Харин 68 нас хүрээд коллежид сурах шийдвэр гаргажээ. Тэр дөрвөн жилийн өмнө жолоо барьж яваад радиогоор “Georgia Gwinnett” коллеж элсэлт авч буйг сонсоод таван минутын дараа шууд л бүртгэл хийлгэсэн гэнэ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарч, аль зургаан жилийн өмнө тэтгэвэртээ гарсан түүнд боловсролын зэрэгтэй болох явдал сонирхолтой санагдсан аж. Тэгээд ч С.Каплан үлгэр зохиож ярих, түүх бичих дуртай гэнэ. Учир нь, бага байхад нь ээж нь түүнд олон сайхан үлгэр ярьж өгдөг байжээ. Улмаар тэр коллежоо хамгийн өндөр буюу 3.975 голч оноотой дүүргэсэн юм. Иймээс тэр “Коллежид суралцаж, хүүхдүүдийн хажууд байх надад үнэхээр таалагдлаа. Би бүх ахмад настнууд үүнийг хийх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн ярилаа. Харин 98 настай ээж Виржиниа Каплан нь “Би хүүгээрээ маш их бахархаж байна. Түүнд олон сорилт тулгарсан ч тэр давж чадсанд би үнэхээр баярлаж, бахархлаа” гэсэн бөгөөд “Бас би кинонд тоглох ч юм билүү, хэн мэдлээ” гэж хошигножээ. Харин хүү Брэт Каплан нь "Аав минь намайг хувийн сургуульд сургаж, коллежид элсэхэд тусалсан. Өдөр бүр машинаараа намайг сургуульд хүргэж өгөх гэж хоёр цагийг зарцуулдаг байлаа. Харин одоо түүний ээлж ирсэнд би үнэхээр баярлаж байна" гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.