В.Зеленский Японд хаанахын онгоцоор очив?
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Өнгөрсөн 19-ний баасан гарагт Японы Хирошима хотод эхэлж өчигдөр өндөрлөсөн “Их 7”-гийн уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский биеэр оролцсон билээ. Хэвлэлийнхэн түүнийг хаанахын ямар онгоцоор ирэх бол хэмээн таамаг дэвшүүлж байсан бол тэдний олонхын хүлээж байсанчлан тэрбээр Францын нисэх хүчний “Airbus” онгоцоор Хирошимад буужээ. В.Зеленский Японд ирэхээсээ өмнө Саудын Арабын Жедда хотод болсон Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд ингэхдээ мөн энэ онгоцоор очсон юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр Украины төлөөлөгчдийг Францын цэргийн онгоц Польшийн хил дээрээс авч дөрвөн цагийн дараа Жедда хотод хүргэсэн байна. Өнгөрсөн баасан гарагт болсон уулзалтын дараа уг онгоц мөн В.Зеленский тэргүүтэй Украины төлөөлөгчдийг суулган 15 цаг буулгүй ниссэний эцэст Японд хүрчээ. Францын албаны хүмүүсийн хэлснээр, эдгээр уулзалтын хооронд В.Зеленскийг цэргийн онгоцоор тээвэрлэх хүсэлтийг Украины тал Парист тавьсан бөгөөд мөн “Их долоо”-гийн уулзалтад Францын онгоцоор хүргэх асуудлыг Японы талтай хэдэн долоо хоногийн өмнөөс хэлэлцэж тохиролцсон гэнэ. Украины дайн эхэлснээс хойш Францын тал тус улсад санхүүгийн болон цэргийн дорвитой тусламж үзүүлж ирсэн бөгөөд В.Зеленскийг Хирошимад буусан даруйд Францын ерөнхийлөгч Э.Макрон Twitter хуудсандаа “Украины төлөөлөгчид Францын гурван өнгөт далбаа бүхий онгоцоор Хирошимад буулаа” хэмээн жиргэсэн юм. “Reuters” агентлагийн мэдээлснээр францчууд Украины ерөнхийлөгчийг анх удаа тээвэрлэсэн нь энэ биш ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Бельгийн Брюссельд болсон Европын орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа Францын Засгийн газрын “Falcon” онгоц В.Зеленскийг Польшид хүргэсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.