images

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд энэ жил Монголд айлчлах уу?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-19


    Ази, Номхон далайн бүс нутгийн улс төрийн сэдвээр дагнан бичдэг “The Diplomat сэтгүүл өчигдрийн дугаартаа ийм нэртэй өгүүлэл нийтэлжээ. Энэ жил БНМАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Монголд айлчилсны 35 жилийн ой болж байгаа бөгөөд цар тахлын улмаас сүүлийн гурван жилд эдийн засаг, худалдааны харилцаа ихээхэн саарсан боловч хоёр орон найрамдалт харилцаагаа хадгалж, үндэсний баярын өдрөөрөө бие биедээ халуун найрсаг мэндчилгээ тогтмол дэвшүүлж ирснийг уг өгүүлэлд дурдсан байна. Хойд Солонгосын төрийн мэдээллийн албан ёсны агентлаг KCNA-ийн мэдээнд өнгөрсөн гурван жилийн дотор Монгол гэдэг нэр 100 гаруй удаа дурдагдсаны дотор ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр ес, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр найм, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр нэг удаа гарсан хэмээн тус сэтгүүл онцолсон байна.      

     Монгол нь Ардчилсан Солонгос улстай олон жил найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд жолоодогч Ким Ир Сен Монголд даруй хоёр удаа айлчилсан нь тун ховор тохиолдол юм. Монгол улс бүс нутагтаа цорын ганц ардчилсан улс хэрнээ Хойд Солонгостой туйлын найрсаг харилцаатайн улмаас Д.Трампын засаглалын үед түүний Ким Жон Унтэй хийх уулзалтыг Улаанбаатарт зохиох санаачлага хүртэл гарч байсныг сэтгүүл дурджээ. Хэдийгээр тэрхүү санаачлага ажил хэрэг болж чадаагүй ч энэ явдлаас хойш тун удахгүй Япон болон Хойд Солонгосын Тагнуулын албаны дарга нар 2018 оны 10 дугаар сард Улаанбаатарт уулзаж байв. Мөн үүний дараа Хойд Солонгосын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монголд айлчилсан бөгөөд үүнээс хойш хоёр орон дээд хэмжээний  айлчлал солилцолгүй өдий хүрчээ. Түүгээр барахгүй Монгол улсаас БНАСАУ-д суух Элчин сайд Л.Эрдэнэдаваа албан үүргээ хүлээж авч чадахгүй, томилогдоод даруй нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хилийн хязгаарлалтын улмаас Пёнянд очоогүй байгаа гэнэ.

     Өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн 40 шахам орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нарт урилга гардуулж, ирэх зургаадугаар сард Улаанбаатарт зохион байгуулах гэж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад ирж оролцохыг хүссэн юм. Энэ урилга дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи-д мөн очжээ. Гэхдээ тэрбээр уг уулзалтад оролцох эсэхээ хараахан хариу мэдэгдээгүй байгаа аж. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт анх 2018 онд Канад болон Европын холбооны Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын санаачлагаар болж 17 орны сайд нарыг цуглуулж чадсан бөгөөд гадаад харилцааны салбарт нь эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг маш эрчимтэй өсөж буй Монгол улсын хувьд энэ нь уулзалтын цар хүрээ, үнэ хүндийг өсгөхийн зэрэгцээ далимд нь Монгол-Хойд Солонгосын харилцааг сэргээх сайхан боломж болж байж магадгүй юм.  

     Хойд Солонгосын ерөнхий сайд байсан Чой Ён Римийн охин Чой Сон Хи нь 2022 оны зургадугаар сарын 11-нд Хойд Солонгосын анхны Гадаад хэргийн эмэгтэй сайд болсон бөгөөд өмнө нь Пёняны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон талт хэлэлцээнд орчуулагчаас эхлээд төлөөлөгчдийн ахлагч хүртэлх түвшинд оролцож иржээ. Ким Жон Ун эмэгтэй хүнийг ийм чухал албан тушаалд томилсон нь тохиолдлын хэрэг биш байж болох юм. Учир нь Өмнөд Солонгос улс анхны эмэгтэй Гадаад хэргийн сайдаа 2017 онд томилж байв.

      Б.Батцэцэгийн урилгыг Пёнян одоогоор хүлээж аваагүй байгаа ч Хойд Солонгос хэзээнээсээ тэмдэглэлт ойг асар ихээр чухалчилдгийг мартаж болохгүй юм. Улаанбаатарын уулзалт зургадугаар сарын 29-30-нд болох бол Ким Ир Сений Монголд хоёронтаа ирсэн хугацаа үүнтэй бараг давхцаж байгаа билээ. Түүний анхны айлчлал 1956 оны зургадугаар сарын 16-18-нд болсон бол удаах нь 1988 оны зургадугаар сарын 25-наас долоодугаар сарын нэгэнд болж байжээ. 1988 оны айлчлалын тэмдэглэлт ой Улаанбаатарын уулзалтын хугацаатай давхцаж байгаа тул Чой Сон Хи энэ уулзалтад ирж тун болзошгүй юм гэж “The Diplomat” сэтгүүл бичсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.