Нигерийн тогооч 96 цагийн турш тасралтгүй хоол хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-16
Нигерийн тогооч эмэгтэй Хилда Бачи дэлхийн дээд амжилтыг эвдэхээр 90 гаруй цагийн турш тасралтгүй хоол хийж, үндэсний төдийгүй дэлхийн хэмжээнд шуугиан тарьж байна. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт орон нутгийн цагаар 15 цагт хоол хийж эхлээд даваа гарагийн 15 цаг хүртэл тасралтгүй 96 цаг хоол хийжээ. Энэ хугацаанд 100 гаруй төрлийн хоол хийснээс ихэнх нь нигери үндэсний хоол байсан бөгөөд түүнийг дэмжихээр цугласан олон зочдыг тэр хоолоороо дайлжээ. Өдгөө 27 настай тогооч бүсгүйг тус улсын дэд ерөнхийлөгч тэргүүтэй улстөрчид болон алдартнууд дэмжсэн юм. Мөн 96 цагаа дуусгахад нь 100 цаг болгочихыг ятгаж байсан гэнэ. Тогооч бүсгүйг ийн нойргүй ажиллаж байхад эмнэлгийн мэргэжилтнүүд амин үзүүлэлтийг нь хянаж, цаг тутамд олддог таван минутын завсарлагаанаар нь толгой, хөлийг нь барьж өгсөн гэнэ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн урт хугацаанд тасралтгүй хоол хийсэн тогоочийн амжилтыг Энэтхэгийн тогооч Лата Тондон эзэмшиж байна. Тэрбээр 2019 онд 87 цаг 45 минутын турш хоол хийж байв. Харин Х.Бачигийн талаар Гиннесийн амжилтын номын албаны хүмүүс түүнийг энэ дээд амжилтыг эвдсэн эсэхийг тогтоохоосоо өмнө нотлох баримтыг хянаж байгаа гэж мэдэгдэв. Түүнийг хоол хийж байхад хяналтын камер суурилуулсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.