Хойд Солонгос улс шинжлэх ухаан, технологийн авьяас чадвартныг нээн илрүүлэхийг хуульчлав
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Хойд Солонгос улс шинжлэх ухаан, технологийн салбарын авьяас чадвартай хүмүүсийг нээн илрүүлэхийг хуулиндаа тусгаж өгсөн байна. Тус улсын төв хэвлэл болох ”Нодун Шинмун” сонин Ардын дээд хурлын байнгын хорооны бүгд хурлаар дөрөвдүгээр сард баталсан шинжлэх ухаан, технологийн авьяас чадвартай боловсон хүчин бэлтгэх тухай хуулийн зарим агуулгыг танилцуулжээ. Дээрх хууль нь зургаан бүлэг, 43 зүйлтэй бөгөөд “Шинжлэх ухаан, технологийн авьяас чадвартныг нээн илрүүлэх тогтолцоо, дэг журмыг чанд мөрдөж, төрөөс шинжлэх ухаан, технологийн авьяастны нэгдсэн хяналт, удирдлагыг хэрэгжүүлэх зорилготой” хэмээн тус сонин тайлбарласан байна. Мөн тус хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж бүр шинжлэх ухаан, технологийн салбарын авьяастнуудыг идэвхтэй эрэлхийлэх, хөгжүүлэх, наадам, үзэсгэлэн, танилцуулга, уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулахыг үүрэг болгожээ. Тус улс өнгөрсөн сард л гэхэд "Үндэсний барилгын салбарын шинжлэх ухаан, технологийн танилцуулга”, “Үндэсний газар хөдлөлт, галт уулын шинжлэх ухаан, технологийн танилцуулга”, “Технологийн инновацийн ололт амжилтын үзэсгэлэн” зэрэг олон эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулсан байна. Тус улсын Шинжлэх ухаан, технологийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Рён “Манай орон өөрийн субьектив хүч, боловсон хүчнээрээ бие даасан эдийн засгийн материаллаг суурийг бэхжүүлж, хүчирхэг социалист улс орны бүтээн байгуулалтад шинэ дэвшил, үсрэлт гаргах бодлого баримталж байна” хэмээн онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.