Америкийн их сургуулийн профессор далайн гүнд 100 хоног амьдарна
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Америкийн усанд шумбалтын мэргэжилтэн, их сургуулийн профессор Жозеф Д.Түри Флорида дахь далайн цэцэрлэгт хүрээлэнд 9 метрийн гүнд 74 хонож байгаа тухай “AF” агентлаг мэдээлэв. Өмнө нь яг энд өөр хоёр профессор 73 хоног, 2 цаг, 34 минутыг давж дээд амжилт тогтоож байсан ажээ. Гуравдугаар сарын 1-нд анхлан далайд орсон Д.Түри “Усан доорх амьдралын 100 хоног”-ийн шинэ дээд амжилт тогтоохоор хүч сорьж байна. Түүний энэ удаагийн сорилт нь Ангараг гарагийг судлахаар бэлтгэж буй сансрын нисгэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах зорилготой юм. Тэрбээр хэт их даралтад удаан хугацаагаар байхад бие нь хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хянаж байгаа гэнэ. АНУ-ын “CBS News” агентлагийн мэдээлснээр, эмнэлгийн ажилтнууд түүний сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийг шалгахын тулд тогтмол хяналт тавьж байна. Цус, хэт авиан, зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээнээс гадна Д.Түри сэтгэл зүйн шинжилгээ өгч байгаа аж. Д.Түригийн амьдарч байгаа 9м2 талбай нь ор, бие засах газар, ширээ гэх мэт зүйлсээр тоноглогдсон бөгөөд далай руу харсан цонхтой. Тэрбээр богино долгионы зууханд өндөг, хулд загасаар хоол хийж идээд гар дээрээ суниах дасгал хийж өдрийн цагаар нэг цаг орчим унтаж амарч байгаа аж. Түүнээс гадна тэрбээр их сургуулийн 2500 оюутанд цахимаар био анагаах ухааны чиглэлээр лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэргээр гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцаж байна. Тэрбээр усан доорх амьдралд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн бөгөөд ганцхан мандах нар харахыг хамгийн ихээр үгүйлж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.