images

28 настай тэрбумтан “Forbes” сэтгүүлийг худалдан авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     “Luminar Technology” компанийн гүйцэтгэх захирал, 28 настай Остин Рассел “Forbes” бизнесийн сэтгүүлийн шинэ эзэн болжээ. Энэ талаар “Forbes” болон “Luminar” албан ёсны мэдэгдэл гаргаж, О.Рассел тус сэтгүүлийн толгой компани болох “Forbes Global Media Holdings”-ийн хувьцааны 82%-ийг худалдан авч, хамгийн том хувьцаа эзэмшигч болсныг зарлав. “Forbes”-ийн үнэлгээ ойролцоогоор 800 сая доллар хүрсэн байна. 1917 онд үүсгэн байгуулагдсан уг сэтгүүл 2000-аад онд уншигчид болон зар сурталчилгааны тоо багассанаас болж санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байна. Иймээс 2010 онд Нью-Йоркийн Манхэттэн дэх төв байраа зарж, 2014 онд Хонконгийн “Integrated Whale Media Investment” группт эзэмшлийнхээ хувийг шилжүүлсэн аж. Энэ удаад “Forbes”-ыг худалдаж авсан О.Рассел 1995 онд төрсөн бөгөөд 2012 онд дөнгөж 17 настай байхдаа автомат жолоодлоготой автомашины эд анги бүтээдэг “Luminar” компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр хоёр настайдаа химийн элементийн үелэх системүүдийг цээжилж, 10 настайдаа программ хангамжийн зөвлөгөө өгч, 13 настайдаа ус дахин боловсруулах системийн патент авч байжээ. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сард “Luminar” компаниа NASDAQ-д бүртгүүлснээр “Forbes” сэтгүүл түүнийг "Дэлхийн хамгийн залуу тэрбумтан" хэмээн танилцуулсан юм. Энэ нь хөрөнгө өвлөж аваагүй, тэрбумын хөрөнгийг өөрийн хөдөлмөрөөр олсон хүмүүс дундаа хамгийн залуу нь гэсэн үг юм. Энэ үед О.Рассел мөн тус сэтгүүлийг "Миний үргэлж биширдэг брэнд, хэвлэл мэдээллийн эзэнт гүрэн" гэж тодорхойлж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.