images

Сүүлийн арван жилд хамгийн их хөрөнгөжсөн дэлхийн 10 орон

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     “Henley & Partners” хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани 2012-2022 оны хооронд хамгийн олон чинээлэг хүн амтай болсон дэлхийн хотуудын судалгааг хийжээ. Энэ арван жилд дэлхийн эдийн засаг сайнгүй байсан ч зарим хотод зах зээл нь улам өсөн хөгжиж байв. Тухайлбал, дээрх судалгаагаар үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа Хятадын Ханжоу хот сая долларын хөрөнгөтэй хүн хамгийн их нэмэгдсэн хот боллоо. Өнгөрсөн оны сүүлээр тус хотын 30400 хүн сая доллароос дээш хөрөнгөтэй байсны 98 нь зуун саятан, 12 нь тэрбумтан аж. Өөрөөр хэлбэл, Ханжоугийн саятны тоо 2012 оноос 105 хувиар нэмэгдсэн байна. Үүний дараа 102 хувийн өсөлттэй АНУ-ын Техас мужийн Остин хот оров. Тус хотод технологийн салбарын гол компаниуд байдаг аж. Харин гуравдугаарт мөн л Хятадын Шэньжэн хот саятан иргэд нь 98 хувь нэмэгдсэн үзүүлэлтээр жагсав. Эдгээр хотын дараа АНУ-ын Флорида мужийн Уэст-Палм-Бич (90%), Энэтхэгийн Бангалор (88%), АНУ-ын Аризона мужийн Скоттсдейл (88%), Хятадын Гуанжоу (86%), АНЭУ-ын Шаржа (84%), Вьетнамын Хо Ши Мин (82%), Энэтхэгийн Гидерабад (78%) хот эхний аравт багтжээ. Энэ жагсаалтад Европын нэг ч хот багтаагүй бөгөөд Азийн эдийн засаг илүү өсөлттэй байсан аж. Тэгвэл саятан хүн ам нь сүүлийн арван жилд буурсан хотуудад Оросын Москва (44%), Санкт-Петербург (38%), Өмнөд Африкийн Йоханнесбург (40%), Хонконг (27%), Лондон (15%) орно. Хэдийгээр саятнуудын тоо асар олноор нэмэгдээгүй ч дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс амьдардаг хотуудын гуравдугаарт Хонконг ордог. Тус хотод сая доллараас дээш хөрөнгөтэй 129500 хүн буйгаас 290 нь зуун саятан, 32 нь тэрбумтан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.