Өвөр Монголын цагаан идээний компани 33.4 тэрбум юанийн орлого олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-12
Цагаан идээ үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлдэг Өвөр Монголын Хөх хотод төвтэй, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Yili” групп компанийн энэ оны эхний улирлын орлого 33.4 тэрбум юаньд хүрч, компанийн 26 жилийн түүхэн дэх дээд амжилт боллоо. Үүнээс 3.6 тэрбум юань нь цэвэр ашиг юм. Харин 2022 онд тус компани 123.171 тэрбум юанийн орлого олсон нь 2021 оноос 11.37 хувиар их байжээ. Харин цэвэр ашиг нь 9.431 тэрбум юань болж мөн өмнөх оноос 6.71 хувиар нэмэгдсэн байна. 1993 онд байгуулсан энэ компани Хятадад тэргүүлээд зогсохгүй дэлхийн цагаан идээний үйлдвэрлэлийн шилдэг таван компанийн нэгд тооцогдох бөгөөд тасралтгүй есөн жилийн турш Азидаа тэргүүлж байгаа юм. Үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн нь шингэн болон хуурай сүү, зайрмаг, бяслаг юм. Тухайлбал, өнгөрсөн гурван сарын хугацаанд шингэн сүүнээс 84.926 тэрбум юанийн орлого олсон нь нийт борлуулалтынх нь 69 хувь болжээ. “Yili” компани зургаан тивийн 39 оронд 2000 түнш байгууллагатай харилцдаг бөгөөд 60 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Өнгөрсөн онд олон улсын хамтын ажиллагаа нь 2021 оноос 52.2 хувиар нэмэгджээ. Дэлхийн зах зээлийн судалгааны “Nilesen” фирмийн судалгаанаас үзвэл, тус компани Хятадын шингэн сүүний зах зээлийн 33.4 хувийг эзэлж буй нь зорилтот зах зээлдээ тэргүүлэх үзүүлэлт аж. Харин нялх хүүхдийн нэмэлт сүүний зах зээлийн 12.4 хувийг эзэлж байгаа нь салбартаа хоёрдугаарт, хуурай сүүний зах зээлийн 25.3 хувийг эзэлж байгаа нь мөн тэргүүлэх үзүүлэлт болж байгаа юм. Үүгээр зогсохгүй хүйтэн уух юмны зах зээлд 28 жилийн турш улсдаа тэргүүлж байна. Тэгвэл тус компанийн эзэн Пан Ган 1.3 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн тэрбумтнуудын нэгд тооцогддог. Тэрбээр 1970 онд төрсөн бөгөөд Өвөр Монголд өсөж, 1989-1992 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.