images

Америкийн хууль тогтоогчид Орост хоригдож буй сэтгүүлчид захидал бичив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-12


     Тагнуулын хэргээр Орост саатуулагдаад буй “Wall Street Journal” сонины сэтгүүлч Эван Гершковичид АНУ-ын конгрессийн 70 гаруй гишүүн захидал бичиж, түүнийг суллуулахын тулд чадах бүхнээ хийх амлалт өгсөн тухай тус сонин мэдээлэв. Мэдээнд дурдсанаар  Ардчилсан болон Бүгд найрамдах намын харьяалалтай хууль тогтоогчид Э.Гершковичийг саатуулснаас хойш зургаан долоо хоногийн дараа түүнд захидал бичиж уг захидлаа WSJ сонины редакцид хүлээлгэн өгсөн бөгөөд захидлыг өөрт нь хүргүүлэхээр болсон байна. Хууль тогтоогчид захидалдаа "Хүнд хэцүү асуудлуудыг сурвалжлах, үнэнийг илчлэх, Оросын ард түмний өдөр тутмын амьдралыг нарийвчлан харуулах гэсэн таны уйгагүй хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж байна" гэжээ. Улмаар “Үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөө яагаад дэлхийн ардчиллын тулгын чулуу болдгийг сэтгүүлч хүний зоримог үйлдлээрээ та тод харууллаа” гэсэн байна. WSJ-ийн Москва дахь сурвалжлагч Э.Гершковичийг гуравдугаар сарын 29-нд Екатеринбург хотод сурвалжлага хийхээр очих үеэр Оросын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд тагнуул хийсэн хэргээр баривчилж цагдан хорьсон юм. ОХУ-ын шүүхийн тогтолцоог мэддэг хүмүүс Э.Гершковичийг шүүх хурал удаан үргэлжлэх бөгөөд суллагдах магадлал тун бага гэж үзэж байна. Дашрамд дурдахад АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын хамгаалалтын албаны ажилтан Пол Уилон 2018 оноос хойш ОХУ-д мөн ийм хэргээр хоригдож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.