images

Диана гүнжийн үнэт эдлэлийг дуудлагаар худалдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-11


     Их Британийн гүнж Дианагийн үнэт эдлэлийг хадгалж байсан нэгэн украин эр тэрхүү ховор эдлэлээ дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Энэхүү багц үнэт эдлэл нь 51 каратын 178 ширхэг очир эрдэнэ болон Өмнөд тэнгисийн 12 мм-ийн таван ширхэг сувдаар урласан хүзүүний зүүлт, мөн хос ээмэг ажээ. Хүзүүний зүүлт нь Диана гүнж 1996 онд хунтайж Чарльзаас салсны дараа болзож байсан Доди Аль Файедийн бэлэг байсан аж. 1997 оны 6 дугаар сард Диана гүнж хамгийн сүүлд “Хунт нуур” гала тоглолт үзэхээр олны өмнө гарахдаа уг зүүлтийг зүүж байсан бөгөөд үүнээс хойш тэрхүү зүүлтийг "Хунт нуур" хэмээн нэрлэх болжээ. Тэрхүү тоглолтын дараа гүнж зүүлттэйгээ хослох ээмэг хийлгэхээр инжаанд өгөөд удалгүй ослоор өөд болсон байна. Дараа нь 1999 онд Америкийн бизнесмэн Жим Макинвэйл Дианагийн ар гэрийнхэнтэй үнэ тохирч нэг сая орчим доллараар зүүлт болон ээмгийг худалдаж авчээ. Улмаар 2008 онд санхүүгийн хямрал нүүрлэх үед Британийн хааны гэр бүлийн шүтэн бишрэгч нэгэн украин эр уг эдлэлийг худалдаж авсан түүхтэй ажээ. Өдгөө хүртэл тэрхүү үнэт эдлэлийг хадгалж байсан украин залуу түүнийг удахгүй Лондон хотноо олонд дэлгэж үзүүлээд, дараа нь ирэх сарын 27-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд оруулах аж. Нью-Йоркийн дуудлага худалдааны Guernsey компанийн мэргэжилтнүүд энэхүү зүүлт, ээмэг 4 саяас 11 сая паунд хүрнэ гэж тооцоолж байна. “The Telegraph” сонины мэдээлснээр украин эр дайны улмаас санхүүгийн хүндрэлд орсон шалтгаанаар тэдгээрийг дуудлага худалдаанд оруулж, орлогын тодорхой хэсгийг Украины сэргээн босголтод хандивлахаар шийдсэн гэнэ. Диана гүнжийн хувийн үнэт эдлэл анх удаа дуудлага худалдаанд орж байгаа хэмээн тус сонин мөн мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.