Польшууд Калининград хотын нэрийг өөрийнхөөрөө бичихээр болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-11
Польшийн засгийн газар Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын эзэмшил нутаг болох Калининградыг албан ёсны баримт бичигт хуучин польш нэр болох Кролевець хэмээх нэрээр нь бичиж тэмдэглэх шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв. Орос улс энэ шийдвэрийг даруй эсэргүүцэж, "Дайсагнасан үйлдэл" гэж мэдэгдсэн байна. Польшийн Хөгжлийн яамны сайд Вальдемар Буда “Бид Польшийг оросжуулахыг хүсэхгүй байна” гэжээ. Балтийн эрэгт Польш, Литва улсын хооронд орших Калининград нь Дэлхийн II дайны өмнө Зүүн Пруссын нэг хэсэг байсан бөгөөд германаар Königsberg гэж нэрлэдэг байв. Энэ нэрний польш дуудлага нь Krolewiec ажээ. Дэлхийн II дайны дараа тус газар ЗХУ-ын мэдэлд ороход Оросын большевик хувьсгалын удирдагчдын нэг Михаил Калинины нэрээр Калининград гэж нэрлэсэн түүхтэй. Польшийн засгийн газар энэ нэрийн тухайд "Хот, бүс нутгийн онцлогийг харгалзахгүйгээр зохиомлоор өгсөн нэр" гэж онцолсон байна. 1940 онд Зөвлөлтийн цэргүүд Польшийн олон мянган офицерийг цаазалсан үйл явдалтай энэхүү хот холбогддог тул польшууд Калининград гэдэг нэрийг тун таагүй хүлээж авдаг аж. Иймээс 15-16 дугаар зуунд Польшийн хаант улс тус бүс нутгийг захирч байсан үеийн нэр болох Кролевець гэдгээрээ байх ёстой гэж тус улсын Засгийн газар үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.