Сири улс Саудын Арабтай дипломат харилцаагаа сэргээв
Анд нөхдийн мэдээ
2023-05-10
Арабын холбоонд эргэж нэгдсэн Сири болон Саудын Араб улс дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцож харилцан Элчин сайдын яамаа нээхээр болсон байна. Саудын Арабын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Сирийн нийслэл Дамаск хотод Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой гэжээ. Өнгөрсөн сарын 18-ны өдөр Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Сауд Сири улсад айлчилж, ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээ хийн дипломат харилцаагаа сэргээх, улс хоорондын нислэгийг сэргээх талаар ярилцсан юм. Саудын Араб 2012 оны гуравдугаар сард иргэний дайнд нэрвэгдсэн Сири улстай дипломат харилцаагаа тасалснаас хойш 11 жилийн дараа хоёр улс Элчин сайдын яамаа дахин нээж байна. Саудын Араб болон Сири улсын энэхүү шийдвэр Сири Арабын холбоонд эргэж нэгдэхээ мэдэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа гарсан юм. Арабын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар 7-ны өдөр Египетийн нийслэл Каир хотноо хуралдаж, Сирийг гишүүн орноор буцаан элсүүлэхээр санал хураахад 22 гишүүн орны 13 нь дэмжсэн санал өгчээ. Үүний дагуу энэ сарын 19-нд Саудын Арабт болох Арабын холбооны дээд хэмжээний уулзалтад Сири улс оролцох төлөвтэй байна гэж “Associated Press” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Арабын орнууд тусламж үзүүлснээр эвлэрлийн уур амьсгал бий болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.