images

Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн байгууллага Умард руу агаараар, голын усаар эд зүйл илгээсээр байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


     БНСУ-д Умард Солонгост туслах зорилготой хүмүүнлэгийн байгууллагууд янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний үйл ажиллагааг Засгийн газраас зарим хэлбэрээр хориглодог. Тэдгээр хүмүүнлэгийн байгууллагууд нэг хэсэг Умард руу агаарын бөмбөлөг нисгэж эм тариа, хүнсний зүйл илгээх, мөн хуванцар саванд цагаан будаа, эм тариа, ухуулах хуудас зэргийг хийж Умард руу урсдаг голын усанд хийж урсгадаг байлаа. Гэвч хоёр улсын харилцааны эгзэгтэй үед энэ үйлдэл нь сөрөг үр дагавар дагуулах магадлалтай гэж үзэж 2020 оноос тус улсын Засгийн газраас үүнийг хориглосон билээ. Харин сүүлийн үед Умард руу эд зүйл илгээх явдал дахин гарах болсон байна. Хэд хоногийн өмнө “Хойд Солонгосын чөлөөт хөдөлгөөний нийгэмлэг” нэртэй байгууллага Умард руу агаарын бөмбөлөг хөөргөж эм тариа илгээж байсныг холбогдох хуулийн байгууллага зохисгүй үйлдэл хэмээн буруушааж байсан билээ. Гэтэл сүүлийн үед хоёр улсын хил орчмын Хан мөрнөөс хуванцар савтай зүйл олдох болжээ. Түүн дотор цагаан будаа, эм тариа, түүгээр ч үл барам суртал ухуулгын агуулгатай зүйл хадгалсан флаш диск хүртэл гарч ирсэн байна. Тэр хавийн загасчдын хэлснээр гурван жилийн өмнө ийм зүйл олноор олддог байснаа нэг хэсэг харагдахаа больсон. Харин сүүлийн саруудад ийм хуванцар савууд ихээр гарч ирэх болсон гэнэ. Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамнаас ийм үйлдэл хийхгүй байхыг холбогдох байгууллагуудад анхааруулсан боловч тэд цаашид ч Умард руу шаардлагатай зүйлс илгээсээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.