images

Чин улсын сүүлчийн хааны бугуйн цагийг дуудлага худалдаагаар борлуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


     Чин улсын сүүлчийн эзэн хаан Айсингиоро Пү Игийн хэрэглэж байсан бугуйн цагийг энэ сард Хонконгод болох дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд лав гурван сая долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолжээ. Учир нь, “Patek Philippe” брэндийн “Reference 96 Quantieme Lune” загварын бугуйн цаг ховор байдаг аж. Тэр цаг нь гурван сантиметрийн диаметртэй бөгөөд араб тоо, сарны дүрстэй, цагаан алтан цаг юм. Швейцарын алдарт “Patek Philippe” компани тус цагийг тухайн үед Парисын дэлгүүрүүдээр зарж байсан ч Пү И хааныг яаж тэр цагийг олж авсныг тогтоогоогүй байна. Гэхдээ түүхэн баримтаас Пү И тэр цагийг ЗХУ-ын хорих лагерьт байхдаа зүүж байсныг олж мэджээ. Хожим 1950 онд тэрбээр хоригдож байх хугацаандаа түүний багш, орос хэлний орчуулагчаар ажиллаж байсан хятад хэлний мандарин аялгаар чөлөөтэй ярьдаг Георгий Пермяковт цагаа бэлэглэсэн байна. Улмаар цагийг Г.Пермяков 2005 онд нас барах хүртлээ хадгалж байсан бөгөөд одоогийн эзэндээ 2019 онд иржээ. Харин “Patek Philippe” компани Оросын цаг цуглуулагчдаас ирсэн мэдээллийг гурван жилийн турш судалж нягтлан үнэхээр Пү И хааны цаг мөн болохыг баталгаажуулсны дараа ийн дуудлага худалдаанд оруулахаар болж буй юм. Пү И бол бага насандаа хаан ширээнд суугаад дөрвөн жилийн дараа Чин улс мөхөхөд хаан ширээнээс бууж Манж Го тоглоомын улсыг байгуулсан нэгэн юм. Улмаар дайн өдөөсөн хэргээр ЗХУ-д хоригдож байжээ. Түүний түүхээс сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” кино 1987 онд "Оскар"-ын шагнал хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.