Пулитцерийн шагналын эзэд тодорлоо
Анд нөхдийн мэдээ
2023-05-09
Украинд явуулж буй Оросын түрэмгийллийн тухай сурвалжлага хийсэн “Associated Press” агентлагийн сурвалжлагч нарт АНУ-ын сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналыг хүртээхээр болсон тухай тус шагналын сонгон шалгаруулалтын хорооноос мэдэгдэв. “Associated Press” агентлагийн видео сурвалжлагч Мстислав Чернов, гэрэл зургийн сурвалжлагч Евгений Малолетка, видео продюсер Василиса Степаненко, мэдээний сурвалжлагч Лори Хиннант нар Украины өмнөд хэсгийн оросуудад эзлэгдсэн Мариуполь хотын нөхцөл байдлын талаар хийсэн сурвалжлагад энэхүү шагналыг хүртээсэн байна. Тэд Мариупольд болсон эмгэнэлт явдлын талаар шууд мэдээлсэн цорын ганц гадаадын сэтгүүлчид байсан бөгөөд газар дээр нь гурван долоо хоног ажиллаж, шархадсан хүмүүс, эмнэлэт хүргэгдэж буй жирэмсэн эхчүүд, мөн оросууд энгийн иргэдийг бөмбөгдөж байгаа тухай гэрэл зураг авч, видео сурвалжлага хийсэн байна. Тус агентлагийн дэд захирал Жюли Пэйс хэлэхдээ "Манай сэтгүүлчид Украины дайны туршид ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж энгийн иргэдийн бодит байдалд онцгой анхаарал хандуулсан" гэжээ. Е.Малолетка болон өөр зургаан гэрэл зургийн сурвалжлагч Украины дайнд амь үрэгдсэн энгийн иргэдийг харуулсан 15 гэрэл зургаараа мөн тусгай шагнал хүртсэн байна. Түүнээс гадна “Wall Street Journal” сонин АНУ-ын 2600 төрийн албан тушаалтны зүй бус хөрөнгө оруулалт зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй долоон хэсэг бүхий эрэн сурвалжлах нийтлэлээрээ шилдэг нийтлэлийн шагнал хүртсэн бол “Washington Post” сонин үр хөндөлтийн сэдвийг хөндөж бичсэн нийтлэлээрээ тусгай шагнал хүртжээ. 1917 онд анхлан бий болсон Пулитцерийн шагнал нь мэдээ, нийтлэл, гэрэл зураг зэрэг сэтгүүлзүйн 14 төрөл, уран зохиол, жүжиг зэрэг урлагийн долоон төрөлд шилдгийг шалгаруулж олгодог шагнал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.