images

Ойд ганцаар төөрсөн бүсгүй тав хоногийн дараа эсэн мэнд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-09


     Австрали улсын иргэн 40 настай Лилиан хэмээх бүсгүй ганцаараа аялалд явж байгаад төөрч таван хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Энэ таван хоногийн хугацаанд тэрбээр нэг лонх дарс, хэдэн ширхэг иштэй чихрээр гол зогоож байжээ. “АВС news” телевизийн мэдээлснээр Лилиан бүсгүй өнгөрсөн сарын 30-ны өдөр Викториа мужийн Брайт хэмээх газар луу аялалд гарсан байна. Тэрбээр өтгөн ой дундуур явж байтал зам нь мухардсан бөгөөд бүсгүй буруу замаар орсноо мэдээд даруй машинаа эргүүлжээ. Гэтэл машин нь шаварт сууж орхиж. Өөр арга эрэлхийлэх гэсэн боловч утасны сүлжээ барихгүйн дээр өөрөө ужиг өвчний улмаас явган хол алхах боломжгүй байлаа. Иймээс тэрбээр хаашаа ч явалгүй машин дотроо сууж гаднаас тусламж ирэхийг хүлээхээр шийджээ. Энэ хооронд гэр бүлийнхэн нь түүнтэй холбоо тасарсан тухай даруй цагдаад мэдэгдсэнээр эрлийн баг нисдэг тэргээр түүнийг хайж эхэлсэн байна. Ингээд түүнтэй холбоо тасарснаас хойш тав хоногийн дараа олсон бөгөөд түүнтэй хамгийн ойрхон суурин газар 60 километрт байжээ. Цагдаа нарын мэдээлснээр түүнд ээждээ бэлэглэх гэж авсан ганц лонх дарс, хэдэн ширхэг иштэй чихрээс өөр хүнсний зүйл байгаагүй аж. Угийн архи дарс хэрэглэдэггүй тэрбээр аргагүй эрхэнд дарснаас бага багаар ууж, чихрээ хүлхсээр хэд хоног тэсэж чаджээ. Дөрөв дэх хоног дээр бие нь улам эрч хүчээ алдаж амьд гарах найдвар тасарч, гэр бүлийнхэндээ гэрээслэл бичиж байсан тухайгаа ярьсан байна. Түүнийг даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал сайжирч байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.