Өмнөд Солонгосын ТББ Умард руу агаарын бөмбөлгөөр эм тариа, ухуулах хуудас илгээв
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүсийн үүсгэн байгуулсан “Хойд Солонгосын чөлөөт хөдөлгөөний нийгэмлэг” өнөөдөр эм тариа, ухуулах хуудас зэргийг агаарын бөмбөлөгт бэхэлж Умард руу илгээсэн байна. Тус нийгэмлэгийн тэргүүн Пак Сан Хак “Yonhap New” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ сарын 5-ны өдөр Хойд Солонгос руу "Тайленол" эм, витамин С, ном товхимол, ухуулах хуудас зэргийг 20 ширхэг бөмбөлөгт бэхэлж Инчоны Ганхва арлаас хойд зүг рүү илгээсэн" гэжээ. Тус байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард Хойд Солонгос руу мөн амны хаалт, эм тариа, витамин С, товхимол зэргийг ийм аргаар илгээж байжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Эв нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам "Умард, Өмнөд Солонгос хоорондын харилцааны эмзэг байдал, хил орчмын оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс ухуулах хуудас зэргийг ийм маягаар илгээхээс татгалзах нь зүйтэй гэсэн Засгийн газрын одоогийн байр суурь өөрчлөгдөөгүй байгаа” гэсэн байна. Одоогийн мөрдөгдөж буй Солонгос хоорондын харилцааны хөгжлийн тухай хуулийн дагуу Хойд Солонгос руу ухуулах хуудас тараавал гурван жил хүртэл ял оногдуулах, эсвэл 30 сая воны торгууль ногдуулах заалттай ажээ. Эдгээр шалтгааны улмаас тус нийгэмлэгийн зөвшөөрлийг холбогдох яамнаас 2020 онд цуцалсан байна. Үүнээс болж тус нийгэмлэг шүүхэд нэхэмжлэл гарган хоёр шатны шүүхээр ялагдсан ч Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Тус нийгэмлэгийн зүгээс “Хойд Солонгост хүмүүс цар тахал өвчнөөр олноороо нас барсаар байгаа ч Ким Жон Уны дэглэм өвчлөл, өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмнийг үл тоомсорлож байна. Ийм тохиолдолд цаашид илүү их эм тариа, үнэнийг өгүүлсэн ухуулах хуудас илгээсээр байх болно” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Yonhap news" агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.