Хятад улс 2022 онд усны 47 шинэ төсөл хэрэгжүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
Хятад улс Шар мөрний дээд хэсэгт томоохон усан цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлж байна гэж Хонконгийн “Ming Pao” агентлаг мэдээлэв. Тус мэдээнд Хятадын умард нутгийн Ганьсу муж болон Ниншягийн өөртөө засах орон саяхан Хэйшаний усны нөөцийг хамгаалах төслийг зөвшилцөж, байгаль орчны нөлөөллийн анхны үнэлгээг хийсэн тухай дурджээ. Энэхүү усны нөөцийг хамгаалах төслийн гол цөм нь 2.6 гегаваттын хүчин чадалтай олон урсгалт усан цахилгаан станц юм. Тус станцын далангийн өндөр нь 163.5 м, урт нь 710 м, ус хадгалах багтаамж нь 11 тэрбум шоо метр байх ажээ. Хятадын зүүн болон өмнөд хэсэг ойр ойрхон үерийн гамшигт нэрвэгддэг бол баруун болон хойд хэсэг нь усны хомсдолд орж байна. Энэхүү усны нөөцийг хамгаалах төсөл хэрэгжиж дуусахад Ганьсу, Ниншягийн ган гачиг, усны хомсдол зэрэг асуудлыг шийдэж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэж, үерийн гамшгийг буруулна хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Хонконгийн “South China Morning Post” сонинд мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн онд усны 47 шинэ төсөл хэрэгжүүлжээ. Үүний хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.9 их наяд юань болсон нь 2021 онтой харьцуулахад 44 хувиар өссөн түүхэн дээд үзүүлэлт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.