Япон: Цахимаар гэрээслэл үлдээж болно
Анд нөхдийн мэдээ
2023-05-08
Япон улс хууль эрх зүйн хувьд хүчинтэй цахим гэрээслэлийг нэвтрүүлэхээр болжээ. Цаасан дээр бичсэн гэрээслэлээс ялгаатай нь гэрээслэл бичгээ онлайнаар бичиж оруулан виртуал сервер гэх мэт интернэтийн орон зайд хадгалах технологи ажээ. Хүмүүс заавал өмгөөлөгчөөр дамжуулахгүйгээр хялбар ашиглаж болох давуу талтай тул олон талын ашиг тустай гэж тайлбарласан байна. "Nihon Keizai Shimbun" сонины мэдээлснээр тус улсын Хууль зүйн яам энэ онд багтаан цахим гэрээслэлийн системийг мэргэжилтнүүдийн хурлаар оруулж нягтлан ирэх оны гуравдугаар сард хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Улмаар цахим гарын үсэг болон блокчэйн технологийг ашиглан залилан мэхлэх үйлдлээс сэргийлэх боломжтой гэж үзжээ. Одоогийн байдлаар тус улс зөвхөн тухайн хүн өөрийн гараар цаасан дээр бичсэн гэрээслэл, нотариатаар батлуулсан гэрээслэл, нотариатын газарт хадгалсан битүүмжилсэн гэрээслэл гэсэн гурван төрлийн гэрээслэлийг хүчинтэй гэж тооцдог. Насжилт уртсаж буй тус улсад өнөөгийн байдлаар үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө, хадгаламж зэрэгтэй холбоотой 12 сая гаруй гэрээслэл байдаг ажээ. Гэрээслэл үйлдэх хууль зүйн стандарт нь нарийн төвөгтэй учир хүмүүс ихэнхдээ хуульчийн тусламжгүйгээр бие даан үйлдэхэд амаргүй байдаг байна. Цахим гэрээслэлийн систем нэвтэрснээр энэ бүх чирэгдэл бэрхшээл арилна гэж үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.